Өнөөдөр Монгол улс 2.9 сая дахь иргэнээ хүлээн авна
Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ
2013.07.10

Өнөөдөр Монгол улс 2.9 сая дахь иргэнээ хүлээн авна

Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал 2013 оны эхний хагас жилийн дүн мэдээг Үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцууллаа.

Үндэсний статистикийн хорооны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Гантөмөр:

Монгол улсын нийгэм эдийн засгийн 2013 оны эхний хагас жилийн байдлаар  бүртгэлтэй ажилгүй иргэд 41.7 мянга болж өмнөх оноос 12 хувиар буурсан.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 25.4 хувиар өссөн. Гэмт хэргийн тоо өмнөх оныхоос 14.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин хэрэглээний үнийн улсын индексийг харахад эхний хагас жилийн байдлаар өмнөх сараас 0.3 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.  

Манай улсын хувьд харилцаа холбооны салбарт утас хэрэглэгчид 3.5 сая, кабелийн телевиз хэрэглэгчдийн тоо 265 мянгад хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Үндэсний статистикийн хорооны макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг:

Хүн ам, нийгмийн үзүүлэлт

2012 онд манай улсын ДНБ 14 триллон төгрөг, Үндэсний нийт орлого 12.7 триллон төгрөг, эдийн засгийн бодит өсөлт 12.4 хувьтай байгаа. Нийт улсын орлого 12.9 хувийн өсөлттэй гарсан. Эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар14 хувийг, аж үйлдвэрийн салбар 30 хувийг эзэлдэг.

Хувийн хэвшил улсын эдийн засагт эзэлсэн хувь нэмэр жилээс жилд нэмэгдэж байгаа нь харагддаг. 2012 оны эцэст 77 хувьд хүрсэн. Одоогийн байдлаар эдийн засгийн хөгжилд хувийн хэвшил 80 орчим хувийг эзэлж байгаа гэж хэлж болно.

Харин ДНБ-ны хувьд нэг хүнд дунджаар 4.9 сая төгрөг ноогдож, дэлхийн улс орны түвшинтэй харьцуулахад 123-р байрт бичигдэж байгаа.

Үндэсний статистикийн хорооны хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга. А.Амарбал

Монгол улсад өнөөдөр түүхэнд тэмдэглүүштэй нэг үйл явдал болж байна. Дэлхийн түвшинд хийдэг тооцооллын дагуу өнөөдөр манай улсын хүн ам 2 сая 900 мянгад хүрэх юм.

Мөн нэг сайхан мэдээ бол өнгөрсөн оны хувьд хүн амын төрөлтийн түвшин 74 мянгад хүрсэн нь сүүлийн 30 жилд хоёрт орох өндөр үзүүлэлт. Харин 2013 оны эхний хагас сарын мэдээллээс харахад өмнөх оны түвшинд хүрэх боломж байгаа нь харагдаж байна хэмээн мэдээллээ.