Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа.
2013.08.23

УИХ-ын дарга нийслэлийн бүтээн байгуулалттай танилцлаа

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 22-ны өдөр нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх гэр хорооллын дахин төлөвлөлт, шинээр баригдаж буй орон сууцны зарим хорооллын барилгажуулалт, автозам, дэд бүтцийн ажлын явц байдал, мөн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын даргыг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүдийн С.Одонтуяа, О.Баасанхүү нар дагалдан ажиллав. Мөн Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон албаны бусад хүмүүс дагалдаж, бүтээн байгуулалтын ажлын явц байдлын талаар танилцуулав.

УИХ-ын дарга З.Энхболд эхлээд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 7 дугаар хорооллын барилгажилтын явц байдалтай танилцсан юм. Тус хороололд энэ жил 700 метр засмал зам  байгуулах, цэцэрлэг, сургуулийн хоёр барилга барихаар төлөвлөсөн бөгөөд энэхүү ажлаа “Гудамж” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлж, одоогоор барилгын ажил 85 хувьтай явж буй талаар “Бэрэн” группийн төслийн удирдагч Ц.Эрдэмбаяр танилцууллаа. УИХ-ын дарга дэд бүтцийн ажил давхар хийгдэж буйг лавлаад энэ хэсэг нь шавар шалбааг ихтэй байсан учир барилгын ажлын чанар, аюулгүй байдалд ихээхэн анхаарч ажиллахыг зөвлөв.

Мөн тэрбээр ерөнхий боловсролын 49 дүгээр дунд сургуулийн бохирын асуудлыг шинэ технологи ашиглан шийдвэрлэсэн байдал, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа “Буянт-Ухаа” авто замын бүтээн байгуулалт, “Буянт-Ухаа”-д шинээр баригдаж байгаа төрөх эмнэлгийн барилга болон орон сууцны шинэ хорооллын цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн ажил, “Премиум конкрит” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаа, “Эрэл” ХХК-ийн Асфальт, төмөр бетон эдлэл, дайрганы үйлдвэрийн шинэ технологи ашиглан үйлдвэрлэл явуулж буй байдал болон Байшин үйлдвэрлэх комбинатын үйл ажиллагаатай тус тус танилцаж, тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж талаар холбогдох албаны болон аж ахуйн нэгжийн удирдлагуудтай санал солилцлоо.

УИХ-ын дарга З.Энхболд гэр хорооллын барилгажилтын ажил төлөвлөгөөний дагуу, хугацаандаа боломжийн явж байна хэмээн үзэж буйгаа энэ үеэр хэлж байв. Мөн нийслэлийн цэвэр, бохирын шугамтай холбогдоогүй байсан ЕБС-ыг төвлөрсөн бус цэвэр бохирын шийдлээр шийдэж буйг зөв зүйтэй ажил болсныг онцлоод Улаанбаатар хотын гэр хороолол дахь 26 сургуулийн цэвэр, бохирын асуудлыг ийнхүү шийдвэрлэсэн нь үр дүнтэй ажил болсныг сайшаав. Цаашдаа хөдөөгийн сургуулиудыг мөн ийм аргаар шийдэх, энэ ажилд зориулан улсын төсвөөс зохих мөнгө хөрөнгө зарцуулах хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа.

“Буянт-Ухаа”-д өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ УИХ-ын дарга орон сууцны хорооллын болоод замын ажлууд нэлээд шуурхай, чанартай, хугацаандаа хийгдэж буйг сайшаагаад харин энд шинээр баригдаж байгаа төрөх эмнэлгийн барилгын асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандав. Учир нь өнгөрсөн жил ашиглалтад орохоор төлөвлөгдсөн уг барилгыг өнөө хүртэл ашиглалтад оруулж чадаагүй байгаа аж. Тиймээс Эрүүл мэндийн яам уг эмнэлгийн барилгыг маш яаралтай дуусгаж, ашиглалтад оруулах нь зүйтэй гэдэг шаардлагыг тавив. Харин барилгын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээгүйгээс хойшлогдсон гэх шалтгааныг нийслэлээс шийдэж, шугамын ажлыг дуусгасан гэдгийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл хэлж байв.

“Эрэл” компанийн хувьд бетумыг Баян-Эрхэтийн орд газраас авчирч, асфальт болгон үйлдвэрлэж байгаа аж.

Мөн тус компанийн тоосгоны үйлдвэр нь шинэ технологиор үйлдвэрлэл явуулж байгаа нь ихээхэн дэвшилттэй, үр дүнтэй байгааг УИХ-ын дарга сайшаагаад бусад үйлдвэрлэгчдэд ч энэ технологийг нэвтрүүлэх, ийм стандартад нийцүүлэх нь зүйтэй юм хэмээн үзэж буйгаа хэллээ.

УИХ-ын даргад компанийнхаа үйлдвэрлэлийн үйл ажиллагааг танилцуулсан “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат зам, барилгын ажил түүхий эдийн онцлог чанар, горимоос шалтгаалж өвлийн улиралд бүрэн зогсдог байсан.Тэгвэл “Эрэл” компанийн хувьд хүйтний улиралд ашиглаж зам барьж болохуйц хүйтэн хольцийг гаргаж авч байгаа гэлээ.

УИХ-ын даргад компанийнхаа үйлдвэрлэлийн үйл ажиллагааг танилцуулсан “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат зам, барилгын ажил түүхий эдийн онцлог чанар, горимоос шалтгаалж өвлийн улиралд бүрэн зогсдог байсан. Тэгвэл “Эрэл” компанийн хувьд хүйтний улиралд ашиглаж зам барьж болохуйц хүйтэн хольцийг гаргаж авч байгаа. Ингэснээр жилийн дөрвөн улиралд зам, барилгын ажлыг цаг хугацаа алдахгүй хийх болохтой болсон гэдгээ танилцууллаа.

Нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явц байдалтай танилцсаныхаа эцэст УИХ-ын дарга З.Энхболд энэ жилээс эхлэн барилга барьж байгаа компаниуд болон барилгын материал үйлдвэрлэгчдэд төрөөс санхүүгийн ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Харин барилгын салбарт өгсөн дэмжлэг эзнээ олсон, бүтээн байгуулалт болж чадаж байгаа юм байна хэмээн үзэж буйгаа онцоллоо