МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.12.06

Ерөнхий сайдын 30 минут уулзалт боллоо

Энэ долоо хоногт Төрийн үйлчилгээний цахим машиныг 21 аймагт суурьлуулж, үйлчилгээг нь нэгэн зэрэг эхлүүллээ.

Аймагт суурьлуулсан ТҮЦ машинууд нь төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлттэй холбоотой лавлагаа зэрэг 11 төрлийн үйлчилгээнээс гадна орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандсан санал хүсэлтээ шууд оруулах программ хангамжаар тоноглогдсоноороо онцлог гэдгийг Ерөнхий сайд хэллээ.   

Өнгөрсөн өдрүүдэд Архангай аймагт ажиллаад ирсэн Ерөнхий сайд тус аймагт хийж байгаа сайн ажлуудыг нэрлэлээ. Хоёр жилийн өмнө 50 гаруй га талбайд тарсан байсан хогийг 5 га газар төвлөрүүлж, хоёр дахь түүхий эдийг ангилан ялгаж мөнгө болгох зэрэг менежментийг сайн хийж байна.

Иргэдийн санал хүсэлт хүлээн авах төвийн үйл ажиллагааг аймгийн захиргааныхаа үүдэнд маш энгийн хэлбэрээр сайн шийдэж чадсан байна. Мөн төр засгийн болон бусад салбарт олон жил ажилласан туршлагатай ахмадуудаасаа бүрдсэн ахмад зөвлөхүүдийн зөвлөл байгуулж, аймаг орон нутгийн ажилд тэдний зөвлөгөөг авдаг тогтолцоо бий болгожээ.

Ерөнхий сайдын 30 минут боллоо

Бага сургууль цэцэрлэг хоёрыг хамтад нь цогцолбор хэлбэрээр зохион байгуулсан нь бусад аймаг авч хэрэгжүүлж болох оновчтой шийдэл  гэж Ерөнхий сайд дүгнэлээ.

Дараа нь Ерөнхий сайд зарим аймгийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшигч М.Бадамсүрэнгийн гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх авч хэлэлцээд 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 139 дүгээр тогтоолоор М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвших хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн.

Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболдын гомдлоор  Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, Л.Ганболд нь нэр дэвшигчийн шаардлага хангаагүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.  Энэ аймгууд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа Засаг даргад нэр дэвшигчээ тодруулаад ирүүлбэл, нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангаж байвал батламжлахад бэлэн гэдгээ хэлээд дээрх аймгийн Засаг дарга нар томилогдохгүй удаж байгаа нь Ерөнхий сайдаас шалтгаалсан зүйлгүй гэлээ.

Мэдээлэл хийсний дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.