Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг шинэчилнэ
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болов
2014.07.09

Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг шинэчилнэ

Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын баримт бичгийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. 2004 онд батлагдсан “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэх хэд хэдэн үндэслэл, шаардлага байна.

1. Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого 2004 онд батлагдсанаас хойш Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (2010), Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2008), Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (2004), Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (2011) батлагдаж гарсан тул бодлогыг эдгээртэй нийцүүлэн шинэчлэх шаардлагатай.

2. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай эдийн засгийн бүтцэд ихээхэн өөрчлөлт орсон нь хүний нөөцийн бодлогоо шинэчлэх бас нэг үндэслэл болж байна.

3. 2004 оны Хүн амын хөгжлийн бодлого 2000 оны хүн амын тооллогын баримтад суурилсан. Гэтэл энэ тоо мэдээлэл, нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн нь 2010 онд хийсэн Хүн ам, орон сууцны тооллогоор батлагдсан тул хүн амын хэтийн тооцоог үндэслэн бодлогоо тодорхойлох шаардлагатай.

4. УИХ-ын Судалгааны төв, Засгийн газар, ХАХНХЯ-наас тус тус хийсэн гурван судалгаа, шинжилгээний дүн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх шаардлагатайг баталсан байна.

5. Манай улсын нийт хүн амд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь бусад насны бүлгийнхнээс их буюу хамгийн таатай хүн ам зүйн цонх үе тохиож байна. Энэ таатай үед хүний нөөцөө зөв удирдан чиглүүлбэл улсын хөгжилд том хөшүүрэг болно.

Энэ мэт бодит шаардлагад нийцүүлсэн бодлогыг Засгийн газар шинэчлэн боловсруулсан баримт бичгийн төсөлдөө тусгасан байна.