С.Эрдэнэ: Нэг жилийн хугацаанд хаашаа явж байгаа, юуг өөрчилж, шинэчлэх вэ гэдгээ тодорхой болгож чадлаа
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2014.07.23

С.Эрдэнэ: Нэг жилийн хугацаанд хаашаа явж байгаа, юуг өөрчилж, шинэчлэх вэ гэдгээ тодорхой болгож чадлаа

ХАХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ярилцлага авах гээд хүлээж суу­хад нэлээд олон иргэд тань­тай  уулзах шиг боллоо. С.Эр­дэнэ сайдын өглөөний ажил ир­гэдтэй уулзахаас эхлэдэг үү. Өдөрт хэчнээн иргэнтэй уул­заж амжих юм?

-Өглөө яаман дээр орж ирэхэд хүнгүй өглөө гэж бараг байдаггүй. Үүдэнд уулзах гэсэн, асуудлаа танилцуулах гэсэн иргэд хүлээж байдаг.

Нэн тэргүүнд иргэдтэй уулзах, тэдний санал хүсэлт, өргөдөл гомдлыг барагдуулах асууд­лыг гол болгож ажлаа эхэл­дэг.

Холбогдох хүмүүст нь өр­гөдөл гомдлыг нь шилжүүлж, тэдэнтэй уулзуулж өгнө. Ер нь бол өг­лөөний ажил эндээс л эхэлдэг. До­лоо хоногийн мягмар гарагт өргөдөл хүлээж авдаг өдөр. Энэ өдөр өөр ажил хийх боломж бараг гарахгүй. Дүүрэн хүнтэй л байна шүү дээ.

Заримдаа 80-90 хүнтэй ч уулзах тохиолдол гарна. Хамгийн ба­гадаа л 50-60 хүнтэй уулзана. Бу­сад өдрүүдэд иргэдийг хүлээж авахгүй гэдэг ч хүмүүс тасрахгүй ирдэг. Нэгэнт зориод ирсэн хүнийг буцаах бодол төрдөггүй учраас уулзаад явуулдаг.

Уул нь өнөөдөр иргэдийг хүлээж авах өдөр биш. Хүн амын хөгжил, тэд­ний нийгмийн асуудлыг эрхэлсэн сал­бар яамны хувьд иргэд илүү их ханддаг байх. Заримдаа огт өөр сал­барын асуудлыг яриад орж ирнэ. Манайд хамаагүй асуудал гээд гаргах биш боломжийн зөв­лө­гөө, зөвлөмж өгөөд гаргадаг даа.

-Иргэдтэй уулзахаас гадна өргөдөл, гомдол шийдвэрлэх, ха­риу өгөх ажил их байгаа. Өр­гөдөл, санал хүсэлтэд хэд хо­но­гийн хугацаанд багтаан ха­риу өгч, шийдвэрлэж байна вэ?

-Хариу өгөх хугацаа нь 14 хо­ног. Өргөдлийг шийдвэрлэх нь тус­даа. Ирсэн өргөдөл гомдол бол­гоныг 100 хувь шийдвэрлэнэ гэ­дэг боломжгүй зүйл.

Маш олон ян­зын өргөдөл ирнэ. Ажилласан жил алга болчихлоо, тэтгэвэр, тэт­гэмжийн нэмэгдэл зэрэг жи­жиг асуудлаас эхлээд байр орон сууц хүссэн өргөдөл ирдэг. Шийд­­вэрлэж болох хэмжээнд нь шийдээд хариуг нь өгдөг. Үнэ­хээр боломжгүй бол тухайн ир­гэнд боломжгүй гэх тайлбарыг хүр­гүүлнэ.

-ХАХНХ-ын яамны хувьд үйл ажиллагааны чиглэл нь нэг гэр бүлийн бүх хүмүүст ха­маарах учраас ачаалал их байх нь тодорхой. Хамгийн гол нь бид хүн амын цогц бодлого гэж зүйл байхгүй, хүнийхээ хөгж­лийг ор тас мартаж явс­наас ийм нөхцөл байдалд хүр­чихлээ шүү дээ?

-Хуучин орон нутгийн засаг захир­гааны төвшинд, аймаг, су­мынхаа хүрээнд асуудлаа тавиад яв­даг байлаа. Гэсэн ч асуудлыг нь тэд шийдээд байдаггүй бай­сан. Шийдэгдэхгүй асуудал нь олон ар­ваараа хуримтлагдаад цөхрөн­гөө барсан хүмүүс ч олон байлаа. 2012 оны сонгуулиас өмнө хүн амын чиглэлээр бодлого барьсан, бодлогоо боловсруулсан төрийн бүтэц байгаагүй.

Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага л Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд бай­сан. Хүн амын бүлгүүдийн эрх ашгийг хамгаалах, бодлого бо­ловс­­руулах, холбогдох байгуул­ла­гуу­дад асуудлыг нь оруулж хэ­лэл­цүүлэх ажлыг өнгөрсөн жилүүдэд ТББ-ууд хийж ирсэн.

Тухайлбал, Хөгж­лийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар 150 гаруй ТББ үйл ажиллагаа явуулж байх жишээ­ний.

Залуучуудын эрхийн төлөө 30 гаруй ТББ ажилладаг. Төрийн бай­гууллагын бүтэц зохион бай­гуулалт байхгүй учраас иргэд өөрс­дийн санаачилгаар ТББ бай­гуулж, асуудлаа хамтарч шийдэх гэж ажиллаж явсан байгаа юм.

Нэг талдаа зөв хувилбар юм шиг боловч, нөгөө талдаа учир дутаг­дал­тай. Тэдний тавьж байгаа асууд­лыг тодорхой бодлого, шийд­вэр болгож хэрэгжүүлдэг бү­тэц байхгүй учраас хүн амын бүт­цэд сөрөг нөлөө үзүүлсэн юм болов уу гэж харж байгаа. Ма­най яам байгуулагдаад нэг жил болж байна. Нодлин энэ үед сай­дын тамга тэмдгээ хүлээж ав­сан. Нэг жилийн хугацаанд үн­дэс­ний хэмжээний таван том чуул­ган зохион байгууллаа.

Энэ чуул­ган гол зорилго нь юу байсан бэ гэхээр хүн амын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах төв­шинд бүлэгт ямар тулгамдсан асуу­дал байгаа, төрийн бодлогын хэм­жээд яаж авч үзэх вэ гэдгийг шийдвэр­лэ­хэд маш чухал байсан. Бүлэг тус бүрийн чуулганаас хэрэгтэй са­нал, зөвлөмж олон гарсан. Чуул­ганаас гарсан зөвлөмж, са­нал хүсэлтийн хүрээнд ажлын хэс­гүүд ажиллаж бодлогын баримт бич­гүүдийг нэлээд боломжтой төв­шинд хийж байна.

-Нэг өрөөнд цуглаж чуулаад, ху­ралдах нэг хэрэг. Харин Мон­­гол Улсын иргэн надад энэ бодлого ямар байдлаар наал­­дах вэ, ямар эерэг үр дүн га­­рах вэ гэдэг нь чухал байгаа юм?

-Эерэг үр дүн авч ирэхийн тулд бид чуулган зөвлөгөөн хийж бай­на. Дорж гэж залуу ямар ний­­гэм хүсээд байгаа юм. Улс тө­рийн болоод нийгэм эдийн за­сагт тулгамдаж байгаа ямар бэрх­­шээл саад байна вэ гэд­гийг ил тод сонсч, ярилцах гэж чуул­сан. Энэ асуудлуудыг шийдэхийн тулд төрөөс ямар бодлого хэрэг­жүүл­вэл үр дүнгээ өгөх вэ гэдгийг бид илэн далангүй ярилцлаа. Хэ­дэн хүн цуглаж хуралдаад л түүнийгээ сүржин зарлаад бай­гаа юм алга.

Тухайлбал, Хөгж­лийн бэрхшээлтэй иргэдийн чуул­ганыг хийхийн тулд бид хоёр са­рын аян зарласан. “Оролцоог нэ­мэг­дүүлье” аяныг зарлаж, хөгж­лийн бэрхшээлтэй иргэдийн хийж бүтээсэн ажил, үзэсгэлэн ху­дал­даа, уулзалт, хурал цуг­лаан гээд улс орон даяар энэ асууд­лаар амьсгалсан.

Хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн хувьд анх удаа төрийн дэмжлэгтэйгээр өөрс­дийгөө харуулж, бид хийж чад­даг гэдгээ харууллаа. Энэ бүх зүйл урам зориг өгсөн гэж бодож бай­гаа. Бүх яамдуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн стратегийг хангах бодлогын хэрэгжилтийг хянах орон тооны мэр­гэжилтэнтэй болох талаар са­нал хүргүүлсэн.

Салбар бүр хөгж­лийн бэрхшээлтэй иргэдэд үйлч­лэх, үйлчилгээ авахад нь дөхөм болох стандарттай болох ёстой. Боловсролын салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд за­луу­чууд яаж сурах, ямар стан­дартаар суралцах орчныг нь бүр­дүүлэх, түүнийг хэн хариуцах вэ гэх мэтээр зам харгуй зэрэг олон асуудлыг иж бүрнээр нь ший­дэж байж, цогц бодлогоор тэд­нийг дэмжих юм.

Маш олон асуу­д­ал байгаа. Залуучуудад юу тул­гамдаж байгааг ярьвал урт яриа өрнөнө. Цаашлаад ахмад нас­тан, ээжүүд гээд бүх хүнд чиглэсэн тэдний амьдралыг сай­хан болгохын тулд бид эхлээд бодлогыг нь боловсруулж байгаа юм. Хүн, амын цогц бодлоготой бол­чихсоны дараа иргэн Дорж, Дулмаагийн амьдралд хүссэн ч эс хүссэн ч сайхан болж, эерэг үр дүн гарна.

Тэрнээс биш, бид таны гар дээр тэдэн ширхэг талх тавина, тэдэн төгрөг өгнө гэж  асуудлыг шийдчихгүй. Бодлогыг боловсруулна гэдэг нь залуу, хөгшин Болдууд баталгаатай аюулгүй орчинд амьдрах нөхц­лийг бүрдүүлж байгаа хэрэг. Хү­нээ хөгжүүлэхгүйгээр улс орны эдийн засгийг хөгжүүлнэ гэж байх­гүй ээ.

Сүүлийн үед уул уур­хайн хөгжил л ярьж байна. Хүн амын­хаа аюулгүй байдлыг хангаж, хөгжлийг нь анхаарахгүйгээр улс орны хөгжил ярих нь утгагүй.

-Та бид хоёрын ярианд цухас яригдаад өнгөрчихлөө. Нэг жилийн ой гэх асуудал. Өнгөрсөн нэг жилд Шинэчлэл­ийн Засгийн газар санасан хэмжээнд хүрч ажиллаж чадсангүй гэх шүүмжилж байна. Танай яамны хувьд нэг жилийн хугацаанд бид ийм амжилт гаргалаа гэж хэлчихээр ямар ажлуудыг хийж байна. Үр дүн гарсан уу?

-Би нэг зүйлийг гайхаад байгаа юм. Бид ямар эдийн засаг хүлээж авсан билээ. Төр, нийгмийн бүтэц нь эмх замбараагүй байсан. Түрүүчийн Засгийн газрын маань үлдээж өгсөн өв ямар байв. Нэг их наяд гаруй төгрөгийн өртэй, эдийн засаг нь дампуурчихсан улс орон хүлээж авсан.

Хоёрдугаарт, нэг жилийн хугацаа гэдэг нь улс орны бодлого, үйл ажиллагааны хувьд хэр урт хугацаа вэ гэдгийг бодох ёстой. Биднээс шаардаж байгаа шаардлага арай л дэндүү өндөр, шударга бус байгаа юм шиг санагддаг. Дөрвөн жилийн хийх ажлын суурийг тавих, бодлогыг тодорхойлох гэдэг чухал. Манай яамны хувьд өмнөө тавьсан ажлаа хангалттай хийж байгаа.

Дөрвөн жилийн хугацаанд хийх ажлынхаа ерөнхий төлөв, бодлогыг тодорхойллоо. Хийх ажлын маань бараг 50 хувь нь гэсэн үг. Аливаа ажлыг төлөвлөх, ямар байдлаар хийх бодлогоо тодорхойлно гэдэг маш чухал. Дээр хэлсэнчлэн хүн амын бүлгүүдээр үндэсний хэмжээний томоохон таван чуулган хийсэн. Энэ чуулган маш үр дүнтэй байлаа.

Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвхөн энэ чуулганд зориулж Төрийн ордонд тусгай тоноглол хийлгэлээ. Төрийн ордон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орж, гарах гарц, ариун цэврийн газрын асуудлыг шийдвэрлэлээ.

Нөгөө талаар эдгээр иргэдийг анх удаа төрийн бодлогын хэмжээнд анхаарч, олон арван мянган хүмүүсийн үгийг сонслоо. Энэ чуулганаас гарсан хүн амын хөгжлийн цогц бодлогоо аравдугаар сард Засгийн газарт танилцуулна. Засгийн газар дэмжвэл УИХ, холбогдох байнгын хороонд хүргүүлж хэлэлцэж эхэлнэ.

Анх удаа монгол төр маань хүн амын хөгжлийн цогц бодлоготой болох гэж байгаа нь чухал юм. Үүнээс гадна нийгмийн хамгааллын салбарт маш том өөрчлөлт хийхээр зорьж байна. Өнгөрсөн оны 10 сард энэ салбарын томоохон чуулган зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонссон.

Энэ зөвлөгөөнөөс нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх зөв юм байна, нийгмийн даатгалыг бүхэлд нь тогтолцооны хувьд шинэчилье гэдэг дүгнэлт гарсан. Ямар үе шаттай яаж хэрэгжүүлэх вэ гэдэг бодлого, зөвлөмжөө ч гаргаж чадлаа. Тогтолцооны шинэчлэлийн хүрээнд эрхзүйн шинэчлэлийг яаж хийх вэ гэдгийг боловсруулаад явж байна.

Эхний том өөрчлөлт нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх. Энэ зорилгын хүрээнд, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Хоёрдугаарт, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчилнэ. Тэтгэврийн даатгалын тогтолцоог өөрчилж, олон давхаргатай тэтгэврийн тогтолцоог бий болгоно.

Гуравдугаарт, олон тэтгэмжийн сангуудыг нэгтгэх ажлыг хийнэ. Нэгдсэн тэтгэмжийн сантай болж, түүний үйл ажиллагааг явуулдаг нэгдсэн багтай болох талаар ярьж эхлээд байгаа. Судалгаа хийгдэж эхэлсэн. Энэ мэт олон ажлыг дурьдаж болно. Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд хаашаа явж байгаа, юунд хүрэх гэж тэмүүлж байгаа, юуг өөрчилж, шинэчлэх гэж байна вэ гэдгээ тодорхой болгож чадлаа.

Энэ дөрвөн жилд хийх ажлынхаа эхний шатыг давлаа. Бусад салбарыг дүгнэх нь зохимжгүй байх. Ямар ч байсан Шинэчлэлийн Засгийн газрын хувьд хийх ажлынхаа эхний үе шатыг амжилттай тавьсан. Өмнөх Засгийн газрын хийгээгүйг хийсэн, хийж гүйцээгээгүй ажлуудыг нь үргэлжлүүлээд явж байна.

-Хийгээгүй ажил нь юу байв, хийж эхэлснийг нь гүйцээсэн ажил гэдгээ тодорхой нэрлэвэл...?

-“Хүүхдийн мөнгө” гэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Иргэд хүүхдийн мөнгөө авах гэж зодолдохоос наагуур бухимдаж, банкинд очерлож байсан. Одоо ямар ч асуудал алга. Хүүхдийн мөнгөө авч байгаа юм уу, тавьж байна уу гэдгийг ч мартчихсан байгаа. Яагаад гэхээр, зөв менежмент, зөв бодлогоор хүүхдийн мөнгийг өгч эхэлсэн учраас иргэдэд ямар ч саад бэрхшээл байхгүй болсон.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад өгөх 330 мянган төгрөг дутуу байсныг өглөө. Өмнөх Засгийн газрын үүрэг гээд орхиж болох байсан. Гэхдээ нэгэнт иргэд маань мөнгөө авчихсан, цөөн хэсэг нь авч амжаагүй байсан учраас олгох нь зөв гэж үзээд олгосон. Одоо бүрэн дууссан. Мөн Хүний хөгжил сангаас олгож байсан 21 мянган төгрөгийг амжилттай өгч дуусгалаа. Өмнөх Засгийн газрын үлдээсэн “өв” боловч амжилттай шийдлээ. Улс орны эдийн засаг ямар байдалтай байсан билээ.

Өр авлага хэр их байгаа билээ. Бид олон удаа бүсээ чангалж зогсоохыг нь зогсоож, үр дүнтэй ажлуудыг нь хийж дуусгалаа. Эдийн засгийн хүндрэлгүйгээр 2012 оныг давж чадсан нь энэ Засгийн газрын нэг том гавьяа. Олон юм ярьж л байна. Шүүмжлэл их байгаа. Шүүмжлэлгүй юм гэж байдаггүй. Эрх барина гэдэг бол шүүмжлэлийн бай болно гэсэн үг. Мянган сайхан зүйл хийсэн ч эрх баригчдыг шүүмжлэл байнга дагаж байдаг.

-100 хоногийн шоугаа нүсэр хийчихээд нэг жилийн ойгоороо таг чиг суугаад байгаа нь юм хийгээгүй гэдгийг харуулж байна гэх мэтээр олон янзаар л тайлбарлаж байгаа. Ойгоо яагаад нам гүмхэн өнгөрүүлэх болсон юм бэ?

-Бид байнга нээлттэй байсан. Аливаа асуудлыг нууж, хулгайгаар шийдсэн зүйл алга. Шүүмжлэл дагуулж байгаа олон асуудлыг бид нээлттэй ярьж, хэлж байсан. Нэг жилийн ойгоо шоу хэлбэрээр хийж болох байсан.

Аливаа цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэх, улс орны холбоотой асуудлыг сүржигнэж зарладаг байдлаас татгалзъя гэж мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа шүү дээ. Бид зүгээр байгаагүй. Нэг жилийнхээ ойн үр дүнг Засгийн газрын хуралдаан дээр ярилцсан, бүх яамдууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн хамгийн үр дүнтэй ажлынхаа тайлан, үзүүлэлтүүдийг Засгийн газарт хүргүүлсэн. Дүн мэдээ нь удахгүй гарах байх.

Ажил хийгдэж байна. Ажил хийгээгүйдээ бантаад байгаа зүйл байхгүй. Улс орны эдийн засаг элгээрээ хэвтчихсэн байхад нь хүлээж аваад хөл дээр нь босгох гэж оролдож байгаа. Одоогоор тэнцвэр муутай, хөл дээрээ баттай зогсч чадаагүй ч гэсэн өндийлгөж чадлаа. Буцаагаад сөхрөөчихгүй гэж хичээж ажиллаж байгаа.

-Ярилцлагын сэдвээ ХАХНХ-ын яамны хүрээнд яригдаж байгаа хүлээлт үүсгэсэн, мэдээлэл дутмаг байгаа асуудлууд руу чиглүүлье. Нэгдүгээрт, Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл хэзээ бэлэн болж хэлэлцэгдэх гэж байна вэ?

-Эхэд урамшуулал олгох буюу сүүлд шинэчлэл боловсруулснаар “Олуулаа” хуулийн төсөл өргөн барихад бэлэн болчихсон. Намрын чуулганаар өргөн барина. Энэ хууль өргөн баригдсанаар эхэд тодорхой дэмжлэг, урамшуулал олгох бодлогыг зохицуулна.

Өнөөдөр бид яавал олуулаа болох вэ, энэ өргөн уудам газар нутагт өнөөдөр хүн л хэрэгтэй байна. Бид дэндүү цөөхүүлээ байна. Яавал бид хурдан олуулаа болох вэ гэдгээ ярих цаг болжээ. Олуулаа болно гэдэг нь улс орны үндэсний аюулгүй байдал, цаашлаад олон зүйлд эерэг үзүүлэлт өгдөг.

Хүн амын өсөлтийн асуудалд манай яам нэлээдгүй ажлууд хийж байна. Хүн амын нөхөн үржихүйг хангах, өсөлтийг дэмжих чиглэлээр хүүхдийн мөнгө олгосон. Хүүхдийн үнэ цэнийг тодорхойлох гэж бид мөнгө өгч байгаа. Хүүхдийг үнэлж байгаа хэрэг биш. Мөнгөн утгаар нь ойлгож болохгүй. Хүүхэд бол үнэ цэнэтэй юм шүү, төрийн гол чухал стратегийн бодлого юм шүү гэдгийг илэрхийлж байгаа хэрэг. Ирээдүйдээ хийж байгаа маш том хөрөнгө оруулалт.

-Хоёрдугаарт, таны санаач­лан боловсруулсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шитгэлийг нөхөн тооцох тухай” хууль олон ч хүнд боломж олгосон. Энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа нь танай яамны хийж хэрэгжүүлсэн том ажлын нэг. Хугацааг нь сунгасан ч энэ талаарх мэдээлэл хомс байгаа. Ялангуяа хөдөө орон нутагт. Энэ ажил хэр урагштай явж байна вэ?

-Өнгөрсөн жилийн арваннэг­дүгээр сараас эхлээд энэ хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн гол зорилго бол нийгмийн шилжилтийн үед хохирсон иргэдийнхээ эрсдэл, хохирлыг бараг­дуулах, хоёрдугаарт төрийн үүрэх ачааг хөнгөлөх юм. Ажилласан жил нь хүрээгүй, ямар нэг байдлаар шимтгэл төлөөгүй иргэдээ төр хаясаар ирсэн.

Энэ хүмүүс халамжийн тэтгэвэр авагчдын эгнээнд шилжинэ. Халамжийн тэтгэвэр авах хүмүүс олшрох тусам төрийн үүрэх ачаа нэмэгдэнэ. Тэгэхээр орхисон иргэдийнхээ өмнө төр буруугаа хүлээж алдаагаа засах ёстой. Энэ үүргээ ухамсарлах ёстой гэдэг үүднээс энэ хуулийг санаачилсан.

Хуулийн хэрэгжих хугацаа дуусахад 400 мянга орчим иргэд хамрагдсан байна. Маш олон иргэд бичиг баримтын асуудлаас болж хоцорсон гэсэн өргөдөл гомдол ирсэн учраас хугацааг аравдугаар сар хүртэл сунгасан.

Гэхдээ наймдугаар сарын 1-нээс өмнө бүртгүүлсэн, хамрагдсан, тэрнээс хойш хамрагдсан гэдэгт ялгаа бий. Наймдугаар сарын 1-нээс өмнө хамрагдсан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тэтгэвэр, тэтгэмж нь 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцогдоно.

Наймдугаар сарын 1-нээс хойш бүртгүүлсэн бол 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцогдоно. Наймдугаар сард Улсын төсөв үндсэндээ базагдаад, тооцоо судалгаа гараад дууссан байх ёстой. Тэгэхээр энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл бүртгүүлсэн бол дараа оны багцад орох нь ээ гэж ойлгож болно.

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар ажлын хэсэг гараад ажиллаж байна. Хуулийн төсөлд тусгагдсан давуу талууд нь юу вэ?

-Даатгуулагчаас өөрөөс нь үл хамаарах замаар даатгуулагчийн мөнгийг хүчээр идээд яваад байгаа, эрүүл мэндийн салбарынхан. Үндсэндээ бол, эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудад төрөөс өгдөг санхүүжилтийн 70 хувийг ямар ч болзолгүй шууд олгодог. 70 хувьд нь хэдэн төгрөг очих бол.

Тухайлбал, нэгдүгээр эмнэлэгт жилд 1000 үйлчлүүлдэг гэж тооцоо гаргана. Тэрний 70 хувь буюу 700 сая төгрөг. Нэг хүний жилийн эмчлүүлэх зардал 1.2 сая орчим, тэгэхээр 1000 хүнийх 1.2 тэрбум болох нь. 1.2 тэрбумын 70 хувь гэдэг нь 800 сая төгрөг. Тэр их мөнгийг хэний ч зөвшөөрөлгүйгээр зүгээр л аваад идчихдэг.

Тэр хэний мөнгөөр санхүүжээд байгааг ойлгохгүй, зүгээр л төсвийн санхүүжилт гэж ойлгодог. Иргэний төлсөн шимтгэлийн мөнгө гэж ерөөсөө бодохгүй. 30 хувиа янз бүрийн аргачлалаар янзлаад л авчихдаг. Дутуу авна гэж хэзээ ч байхгүй. Гэтэл шимтгэл төлж байгаа иргэн н.Дулмаа зүгээр л хохирогч хэвээрээ үлддэг.

Тиймээс үүнийг өөрчлөхийн тулд хуулийн төслийг санаачлаад явж байна. Хоёр жил хэлэлцүүлэгт оруулах гэж хөөцөлдлөө. Хуулийн гол үзэл санаа нь даатгуулагчид бүх эрх мэдлийг олгоно. Даатгуулагч хаан байх зарчмыг хуульчлаад өгчихнө. Ингэснээр даатгуулагч өөрөө эмчилгээ үйлчилгээ сайтай, эмч, сувилагч нь чадвартай, үйлчилгээний өндөр соёлтой газрыг сонгоно.

Эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эрхийг даатгуулагчид өгнө. Тэгэхдээ ямар хүрээнд сонголт хийх вэ гэдгийг Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагууд нь тогтоогоод өгчихнө. Ийм газруудаас та сонголтоо хий гээд мэргэжлийн үүднээс тогтооно. Тэгэхгүй бол хаа, хамаагүй газар хувийн эмнэлэг барьчихаад үйлчлэгч хаан гээд байвал юу ч болох билээ. Ингээд ирэхээр эмнэлгийн байгууллагын хооронд өрсөлдөөн үүснэ. Даатгуулагчаа хайна, тэднийг татахын тулд орчин, харилцаа, хүнд суртлаа арилгаж сайн эмчийг сайн цалингаар ажиллуулж үйл ажиллагаагаа хэвийн явуулах гэж тэмцэж эхэлнэ.

Түүнээс гадна, нэг худалдан авалтын тогтолцоонд шилжүүлээд төр, төсвөөс хандив цуглуулдаг бүх мөнгийг эрүүл мэндийн даатгал дээр төвлөрүүлнэ. Даатгал нь өөрөө даатгуулагчийн авсан эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг хянаж, шилжүүлдэг болох юм. Өөрөөр хэлбэл, иргэн эрүүл мэндийн санхүүжилтээ өөрөө хийдэг болно гэсэн үг. Анхаарах зүйл олон байна. Тухайлбал, хоёр гуравдахь шатны эмнэлгүүдийн төвшинд асуудлыг яаж авч үзэх вэ гэдгийг хуулийн хүрээнд ярилцана.

-Зорилтот бүлгийг тодорхой болгох ажлыг шат дараатай хийж эхэлмээр байгаа юм. Нэн ядуу иргэн нь хүнсний талон авч чадахгүй байхад сум, багийн Засаг даргын найз, ах дүү, амраг садан нь авчихсан, халамжид хамрагдчихсан тохиолдол цөөнгүй бий. Энэ талаар ямар ажил хийгдэж байгаа бол?

-Төрөөс амьдрал нь хүнд бусдын дэмжлэггүйгээр амьдрахаас өөр аргагүй болсон иргэдээ анхаарч ажиллах болно. Өнөөдөр хавтгайрсан халамж гэж бид их ярьсан, шүүмжилсэн. Энэ асуудлын хүрээнд нийгмийн халамжийн салбарыг хэлэлцэж, ярилцаж, зөвлөлдөөд зорилтот бүлгийг зөв оновчтой тогтоож, нийгмийн халамжийн бодлогыг зөв хэрэгжүүлэхээр болж байна. Өмнөх Засгийн газрын үед нийт өрхийн 60 орчим хувьд судалгаа хийгдсэн байдаг.

Гэтэл туршлагагүй оюутан, багш нарыг төслийн ажилд дайчилж, судалгаа хийлгэж, олон тэрбум төгрөг зарсан. Гэтэл мэдлэг чадваргүй нөхдүүд халамж хүртэх ёстой зорилтот бүлгээ зөв олж чадаагүй. Буруу үнэлгээ хийснээс болж боломжийн амьдралтай айлууд нэн ядуу өрх болчихсон, үнэхээр төрөөс дэмжлэг хэрэгтэй хэсэг нь орхигдсон.

Сая Засгийн газрын тогтоол гараад улс орон даяар орлогыг орлуулан тооцох аргачлалаар амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрх, иргэдийн судалгааг гаргахаар судалгааны ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг Дэлхийн банктай хамтарч хийхээр төлөвлөж байгаа. Есдүгээр сараас сургагч багш нарын сургалтаар эхэлнэ. Сургагч багш нар маань бүх хариуцсан дүүрэгтээ очиж, судалгааны багуудаа бүрдүүлээд ажлаа эхэлнэ.

Энэ судалгаа хийгдсэнээр салбар дундын маш том мэдээллийн сан бий болох юм. Энэ санг бий болгосноор нийгмийн халамж хэрэгтэй байгаа бүлгийг зөв тодорхойлж, төрөөс өгч байгаа халамж яг эзэндээ очих боломж бүрдэх юм. Халамж авах этгээдийг зөв оновчтой тодорхойлно. Хөдөлмөрийн чадвартай иргэдийг төр халамжлаад байгаа учраас амьдралдаа санаа зовохгүй байна.

Өрхийн иргэн нэг бүрээр судалгаа хийж, зайлшгүй халамж хүртэх өрхийн иргэний судалгааг гаргана. Тэгэхгүй бол айл гэдгээр нь судалгаа гаргаад бүртгэчихээр талх, бензинийхээ мөнгийг халамжаас авчихаад сууж байгаа хөдөлмөрийн чадвартай, баялаг бүтээх салбарт ажиллах ёстой иргэн тэр өрхөд байна. Ийм байдлаар цаашдаа явахгүй ээ.

-Есдүгээр сараас цалин тэтгэвэр нэмэгдэх нь. Цалин нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх болов уу гэх айдас байна. Энэ асуудлыг яаж зохицуулах бол?

-Засгийн газар цалин нэмнэ, тэтгэвэр нэмэгдүүлнэ гэж эртнээс зарлаж, сүржигнэхгүй гэж шийдсэн. Цалин нэмэх сургаар талх, бензиний үнэ нэмдэг байдлыг зогсоох гэж л ийм ажил хийгээд байгаа юм. Заавал зарлах алба байхгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 190 гаруй мянга болно.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн доод ханш хэлбэлзэх байх. Үндэсний статистикийн газартай хамтран инфляци, үнийн хэлбэлзэлд тооцоо судалгаа хийдэг. Энэ жил тооцоо судалгаагаа хийгээд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл сая хуралдсан. Саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Удахгүй энэ асуудлыг хэлэлцэж, тэтгэвэр тэтгэмжийг хэдэн хувиар өсгөх вэ гэдгээ ярих байх. Одоогоор тэдэн төгрөг гэж тодорхой яригдсан зүйл алга.