УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд Нэхмэлийн шар буюу II хорооны 19 байрны иргэдтэй уулзан шинэ батлагдсан журмыг танилцууллаа.
2014.07.23

УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр тойрогтоо ажиллалаа. Тэрбээр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Яармаг-Нисэх-Био-Шувууны 36.2 км болон Богд уулын арын 17 км замын ажилтай танилцсан юм. Мөн тус дүүрэгт эхэлж буй  Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж барих ажлын хүрээнд Нэхмэлийн шар буюу II хорооны 19 байрны иргэдтэй уулзан шинэ батлагдсан журмыг танилцууллаа.

Түүний хамт  Хан-Уул дүүргийн Засаг даргын эдийн засгийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч Г.Чингүүнжав, I хорооны Засаг дарга Б.Болд болон холбогдох албаны хүмүүс ажиласан юм. УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр Багануур дүүрэгт мөн ажиллаж байна.

Шинэ эмнэлэг барих хөрөнгийг ирэх оны төсөвт оруулна

УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн үйл ажиллагаатай танилцан тулгамдаж буй асуудлын талаар эмнэлэгийн удирдлага, эмч нартай санал солилцлоо. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Т.Пүрэвчулуун эмнэлэгийнхээ үйл ажиллагаа, эмнэлэгтээ хийгдсэн хөрөнгө оруулалт болон тулгамдаад буй асуудлуудын талаар танилцууллаа.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь анх 1990 онд 229 эмч, албан хаагчдын орон тоотойгоор харьяаллынхаа 80 мянган хүнд II шатлалын эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх боломжтойгоор байгуулагдсан  ч өнөөдөр нийслэлийн хүн амын нягтаршлаас үүдэн 158 мянган хүнд үйлчилж байгаа гэсэн албан бус тоо гарчээ.

Тиймээс тус эмнэлэгийн  хувьд эмнэлэгийн “А” корпус буюу нураагдсан барилгын суурин дээр нэгдсэн эмнэлэгийн барилга барих нэн шаардлагатай байгааг дуулгалаа.

Уг ажлын хүрээнд Нийслэлийн ИТХ-ийн энэ сарын 6-ны хурлаар нэгдсэн эмнэлэгийн барилгын зургын төсөл хийх 80 сая төргөгийг баталж өгсөнийг онцоллоо.

УИХ-ын гишүүн Л.Болд энэхүү асуудалд барилгын зураг төслөө түргэвчлүүлэхийг зөвлөн шинэ эмнэлэг барих хөрөнгийг ирэх жилийн төсвийн төсөлд оруулж шийдүүлэх талаар хөөцөлдөх болно гэдгээ дуулгалаа. Ийнхүү шинэ байр болон бусад тоног төхөөрөмжийн шинэчлэл, боловсон хүчний мэргэшил дээшлүүлэх асуудлыг шийдэхээр ярилцлаа.

Цахимаар газар өмчлүүлэхэд туслах залуусыг бэлджээ

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ирэх наймдугаар сарын 1-нээс нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа билээ. Уг ажлын хүрээнд УИХ-ын Гишүүн Л.Болдын санаачлагаар Хан-Уул дүүргийн 16 хороо, Багахангай болон Багануур дүүргийн нийт 23 хороо тус бүрт нэг түр ажилтанг сургаж байгаа аж.

Тэрбээр өчигдөр уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн байранд Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтэн Д.Энхмаагийн явуулж буй сургалтанд сууж байгаа түр ажилчидтай уулзлаа. УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилсан уг ажлыг дэмжиж түүнтэй хамт сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл иргэдэд цахимаар газар өмчлөх асуудалд зөвлөгөө, зааварчилгаа өгөх түр ажилчдыг зөөврийн компюьтераар хангахад хамтран ажилласан байна.

Тиймээс цахимаар газар өмчлүүлэх асуудлын хүрээнд иргэд туслалцаа, зөвлөгөөг авах бол тухайн хорооныхоо байранд байрлах дээрх түр ажилчидтай уулзаж болох нь ээ. Ирэх наймдугаар сарын 1-15-ныг дуустал иргэдэд цахимаар газар өмчлүүлэхэд Хан-Уул, Багахангай, Багануур дүүргийн хороо бүр дээр иргэдэд туслалцаа үзүүлэх юм.

Авто замын ажлын чанар, ажлын явцтай танилцлаа

УИХ-ын Л.Болд Яармаг-Нисэх-Био-Шувууны 36.2 км болон Богд уулын 17 км замын ажилтай танилцлаа. Ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буй уг замын ажлын талаар Нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Д.Баясгалан  танилцууллаа.

Тэрбээр замын чанрыг онцлон асуусан бөгөөд мөн хугацаандаа ашиглалтанд ороход замын ажлын явц ямар байгаатай танилцан уг замын ажлыг гүйцэтгэж байгаа “Эйч Кэй Би интернэшнл” ХХК, “Тотал Инж” ХХК, “Эсто” ХХК-ийн холбогдох албаныхантай уулзлаа.

Иргэд дунд маш хүлээлт бий болгоод байгаа эдгээр замыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахын тулд өнгөрсөн долоо хоногийн засгийн газрын хурлаас шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэн шийдсэнийг сайд Л.Болд мөн дуулгав.

Хуучин байрыг дахин төлөвлөх ажил Нэхмэлийн шар байрнуудаас эхэлнэ

Мөн тэрээр Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж барих ажлын хүрээнд Нэхмэлийн шар буюу II хорооны 19 байрны иргэдтэй уулзан шинэ батлагдсан журмыг танилцууллаа. Учир нь эдгээр байруудыг тойрсон олон асуудал сүүлийн жилүүдэд иргэд болон барилгын компаниудын дунд ээдрээтэй, тодорхой дүрэм, журам байхгүй байсан юм.

Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн зургаадугаар сарын 9-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмыг баталсан юм. Ингэснээр дээрх ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны иргэд барилгын компаниудтай хуулийн хүрээнд журмын дагуу гэрээ байгуулан хамтран ажиллах боломжтой болжээ.

Нийслэлийн хотын хэмжээнд Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж барих ажил Нэхмэлийн шар гэгддэг байрнуудаас ийнхүү эхлэх нь ээ.