Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг туршлага судалжээ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ.
Хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэн Канад улсын Бритиш Колумб мужид өнгөрсөн өдрүүдэд туршлага судалжээ. Тэд тус улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын асуудлыг хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үр дүнтэй танилцсан байна.
Мөн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын энэ төрлийн хэргийг илрүүлэх, таслан зогсоох, мөрдөн шалгах болон хянан шийдвэрлэж буй процессыг судалснаас гадна Бритиш Колумб мужийн Ванкувер хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа нартай хамт гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар ажилласан гэнэ.
Туршлага судлах багт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн С.Баярцогт, ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, ХАХНХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, ХЗЯ-ны мэргэжилтэн Д.Саруул нар багтжээ.