2030 онд элэгний С вирусаас ангижирна
элэгний С вирус
2015.07.23

2030 онд элэгний С вирусаас ангижирна

Монгол Улсад вируст хепатитын халдвартай 700 гаруй хүн бий. Гэхдээ энэ нь албан ёсны тоо биш юм. Үүний 450 нь элэгний С вирустай гэж үздэг.

Гурван сая хүн амтай Монгол Улсын хувьд энэ нь санаа зовнихуйц тоо гэдгийг олон улсын мэргэжилтнүүд үзэж буй. Тиймээс “Харвони” гэх элэгний С вирусын эсрэг эмийг аравдугаар сард оруулж ирэхээр болсон билээ. Энэ эм дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.долларын үнэтэй байдаг. Гэхдээ Монголд “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд эмийн үнийг 98 хувиар хөнгөлж 1200 ам.доллараар худалдаалахаар болсон. Дунджаар бодоход хоёр сая гаруй төгрөгийн үнэтэйгээр Монголд худалдаалагдана. Гэхдээ ирэх аравдугаар сарын дундуур Монголд орж ирнэ. Эхний ээлжинд уг эмийг яаралтай хэрэглэх иргэдийн бүртгэлийг одоо хийж байна.

Нөгөө талаар “Харвони” эмийн хуурамч хувилбар нь ирж байгаа учраас хямд байна гэх ойлголт иргэдийн дунд үүсчээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравхан сая иргэнтэй Монгол Улсын  хүн ам элэгний С вирусаар өвчлөөд аюултай хэмжээнд хүрсэн. Иймээс л нийгмийн хариуцлагаа ухамсарладаг гадны томоохон компани хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон. Түүнээс биш хуурамч гэсэн ойлголт байхгүй” гэв.

“130 ЭМЧ БЭЛТГЭЖЭЭ”

Нэн тэргүүнд эмч мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр мэргэшүүлэх шаардлага тулгарсан. Энэ хүрээнд зургадугаар сарын 15-нд хот, хөдөөгийн 130 эмчийг сургалтанд хамруулжээ. Бүх дүүрэг, аймаг, зарим сумдын эмч нар хамрагдсан байна. Тэд өөр өөрсдийн эмнэлэгтээ сургалтыг дахин явуулах юм. Ийнхүү хөдөө, сумын иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж, тухайн сургалтанд хамрагдсан эмчид үзүүлэхээр зохицуулжээ.

“ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?”

Иргэдийн хувьд элэгний С вирустай эсэхээ мэдэхгүй тохиолдолд нэн тэргүүнд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах юм. Орон нутаг, хөдөөгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Элэгний С вирустай нь тогтоогдвол ХӨСҮТ, улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаж бүртгүүлэх юм. Тухайн эмнэлэг бүрт сургалтад хамрагдсан мэргэжлийн эмч бий. Эдгээр эмч нар нийслэлийн бүх дүүрэг, аймгуудын эмнэлэгт ажиллаж байгаа аж. Энэ бүртгэлийг эмийн компани руу илгээх юм.

Дараагийн ээлжинд итгэмжлэгдсэн лабораторит С вирусаа тоолуулна. Одоогоор лабораториудыг сайн дурын үндсэн дээр хөндлөнгийн хяналтад хамруулж, шалгуур хангасныг нь олон нийтэд мэдээлэхээр ажиллаж байгаа гэв. ХӨСҮТ-д С вирус тоолох шинжилгээ хийх есөн лаборатори хүсэлтээ ирүүлжээ. Эдгээрийг нягталсны үндсэн дээр баталгаа гаргаж, тухайн лабораториудыг олон нийтэд зарлахаар болсон байна.

“ОДОО БҮРТГҮҮЛЭХЭД ОРОЙТОХГҮЙ”

Элэгний С вирустай иргэдийн бүртгэлийг аравдугаар сард “Харвони” эм орж иртэл хийнэ. Гэхдээ бүртгэл бүр дуусна гэсэн үг биш. Үе шаттайгаар бүртгэлжүүлж, эмийг олгох юм. Тиймээс иргэдийн хувьд одоо ч бүртгүүлэхэд оройтохгүй гэдгийг санууллаа. Гол нь түрүүлж бүртгүүлсэн нь “Харвони” эмийг авахдаа давуу эрх эдэлнэ, эсвэл эм хүрэлцээ муутай, одоо бүртгүүлэхэд оройтсон гэх ташаа ойлголт иргэдийн дунд байгаа аж. Тиймээс иргэд одооноос харьяа эрүүл мэндийн төвдөө хандаж эхний шинжилгээгээ хийлгүүлсэн ч оройтохгүй гэдгийг мэргэжилтнүүд санууллаа.

Элэгний С вирустай иргэдийн хувьд 160 мянган төгрөгийн шинжилгээнд хамрагдана. Харин энэ шинжилгээний үнийг улсаас хөнгөлөх боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. “Харвони” эмийн үнийг 98 хувиар хөнгөлж байгаа учраас шинжилгээ хийлгэх мөнгийг иргэд өөрсдөө гаргахаас аргагүй гэв.  

“Харвони” эмийг ийнхүү үе шаттайгаар оруулж элэгний С вирустай иргэдийг эмчилнэ. Үе шаттай арга хэмжээ авснаар өнөөдөр 450 мянга гэх тоог жил ирэх тусам бууруулна гэж тооцжээ. Ингээд 2030 он гэхэд Монгол Улс элэгний С вирусаас ангижирсан орон хэмээн дэлхий нийтэд зарлахаар бэлтгэж байгаа аж.