Хүүхдийн мөнгийг наймдугаар сарыг дуустал олгох боломжтой гэв
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн санд хамарсан нийт өрхийн хүүхдүүдэд хуучнаар нь хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулж тогтоолын төслийг өргөн барьжээ.
Хүүхдийн мөнгийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, өрхийн амьжиргааны түвшингийн 18-20 дугаар бүлгийн өрхийн 128 мянга 795 хүүхэд болон амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн 297 мянга 475 хүүхэд буюу нийт 426.3 мянган хүүхэд мөнгө авахааргүй болж байгаа аж. Иймд эдгээр өрхөөс 18-20 дугаар бүлэгт багтсан 128.8 мянган хүүхэд болон судалгаанд хамраагүй 297.5 мянган хүүхдийн 30 хувь буюу 87.3 мянга, нийт 216.1 мянган хүүхэд дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргах магадлалтай байгаа юм. Хүсэлт гаргах магадлалыг 50 хувь гэж тооцвол улсын хэмжээнд 89 мянга 512 орчим өрхийн 108 мянга орчим хүүхдэд дахин үнэлгээ хийх төлөвтэй байгаа юм байна.
Иймд цаашид эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх, зорилтот бүлэгт очих дэмжлэгийг оновчтой зохион байгуулах шаардлагыг харгалзан “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ. Тогтоолын төсөлд “1-17 дугаар бүлгийн” гэсэн хэсгийг хасах ба уг тогтоолыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоход санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэх талаар тодруулахад “Өнөөдөр улсын төсөв дээр 144 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. Бидний хийсэн тооцоогоор энэ оны наймдугаар сарыг дуустал хүүхдийн мөнгийг бүрэн олгох боломжтой гэж үзэж байгаа. Наймдугаар сард төсвийн тодотгол хийгдээд үлдсэн хөрөнгийн асуудлыг шийдэх боломжтой гэсэн тооцоо хийсэн” гэв.