Тодотголд хүүхдийн мөнгөний нэмэлт эх үүсвэрийг нь шийдэх боломжтой
2016.01.07

Тодотголд хүүхдийн мөнгөний нэмэлт эх үүсвэрийг нь шийдэх боломжтой

Өчигдөр МУ-ын Ерөнхийлөгч өөрийн цахим хуудаснаа хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлаар Ерөнхий сайдтай ярилцлаа, төр хүүхдүүдээ алагчилах ёсгүй гэж мэдэгдсэн. Гэвч бүх хүүхдэд мөнгө өгхөөр мөнгийг төсөвт суулгаагүй. Иймээс энэ асуудлыг дахин нягтлах талаар гишүүд нэг байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: -Хүүхдийг ялгаварлаж байна гэсэн шүүмжлэл маш их явлаа. Тийм учраас холбогдох албан тушаалтнууд хоорондоо зөвлөлдөж, хүүхдийн мөнгийг ялгаварлах нь буруу юм байна гэдэг зүйл ярьж байна.   Ер нь ялгаварлахгүйгээс өгөх нь зөв гэдгийг гишүүд дэмжиж байгаа. Тийм учраас хуучнаар нь өгөөд явахад ямар нэгэн саад тотгор учрахгүй гэж Ерөнхий сайд хэллээ. Тэгэхээр хуучин бүртгэлтэй хүүхдүүдийнхээ мөнгийг олгоод явахад саад учрахгүй. Яваандаа төсвийн тодотгол хийх шаардлага гарах байх. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Хувь хүнийхээ хувьд мөн эмэгтэй гишүүнийхээ хувьд хүүхдийн мөнгийг 100 хувь олгоосой гэж боддог. Өмнө нь хэд хэдэн удаа Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, асуудлыг шийдвэрлэж байсан. Хүүхдийн мөнгө олголтын талаар Ерөнхийлөгчийн уриалга бол их зөв уриалга байлаа. Хүүхдүүдийг ялгаж мөнгө олгоно гэдэг түвэгтэй асуудал юм.  Одоогоор бол АН албан ёсоор энэ асуудлыг яриагүй байна. Бид ЗГ-ын саналыг сонсоод, төсвийн асуудал, орлогын эх үүсвэрийг хаанаас олох талаар шийдсэний дараа мэдээлэл хийх болно" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Улс төрийн шийдлээ хэрвээ гаргаад төсвийн тодотгол хийгээд шийдэх боломжтой. Шаардлагагүй олон хөрөнгө оруулалт, зардал байсаар л байгаа. Зуу зуун тэрбумаар шаардлагагүй олон дэд бүтцийн ажил хийгдэж л байгаа. Нийгэм эдийн засгийн амьдрал хүнд байгаа энэ үед энэ мөнгө худалдаа үйлчилгээ, жижиг дунд  үйлдвэрлэлийг  дэмжээд явдаг. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ..