УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан нар тойрогтоо ажиллалаа
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ээлжит чуулган бүрийн завсарлагаар тойрогтоо ажилдаг билээ.
Энэ удаа УИХ-ын гишүүн Ж.Батзанданы хамт 3-р сарын 31-ээс 4-р сарын 3-ны өдрүүдэд Баянзүрх, Налайх дүүрэгт ажиллаж, дүүрэг, хороодод хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудаар иргэдтэй санал солилцохын зэрэгцээ өөрсдийн ажлын тайлангаа тавьж УИХ-аар санаачлан батлуулсан хуулиудын талаар товч мэдээлэл өгч, тэдгээр хуулиуд амьдралд хэрхэн хэрэгжих хийгээд ард түмэнд ямар нөлөөтэй хууль болсон талаар талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Өнгөрсөн жилүүдэд Баянзүрх дүүрэгт нийт 770 орчим тэрбум төгрөгний бүтээн байгуулалтын ажил хийгдсэн бөгөөд ихэвчлэн сургууль, цэцэрлэг, зам талбай, дэд бүтцийн ажил цахилгаан эрчим хүч, гэрэлтүүлэг, камержуулалт хийхэд зарцуулагджээ. Мөн өрхийн амжиргааг дэмжих төсөл хөтөлбөрүүд хэрэгжснээр ажилтай иргэдийн тоо нэмэгдэж байгаа талаар уулзалтын үеэр гишүүд онцолсон юм.
Налайх дүүргийн хувьд 2012-2016 онд нийт 150 гаруй тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж иргэдийг орон сууцжуулах, зам талбай, дэд бүтцийг сайжруулах бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдсан байна.
Иргэдийн зүгээс гишүүдийн тайлан, танилцуулгыг сонсож, дүүрэг хороонд хийгдсэн ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа дуулгасан ч санал бодлоо илэрхийлж байлаа.
Тухайлбал, БЗД-ийн 5-р хорооны иргэн н.Дашпунцаг
"Нийгэм, эдийн засгийн байдал улам бүр хүндрэхэд намчирхах үзэл, намаар талцах улс төржилт ихээр нөлөөлж байна. Цаашид энэ байдлыг арилгаж Монгол улсаа хөгжүүлэх, эдийн засгаа сайжруулахад нам харгалзахгүй хамтарч чаддаг, худлаа амлахгүй ажлаа хийж чаддаг улс төрчид хэрэгтэй байна. Мөн иргэдийг шар мэдээ, мэдээлэл бус бодит мэдээллээр хангах шаардлага байгаа" талаар хэлж байсан юм.
БЗД-ийн 5-р хорооны иргэн Б.Билгүүн
БЗД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд хууль тогтоох, төсөв батлах зэргээр олон талын ажлыг маш сайн хийж байгаа хэмээн дүгнэж буйгаа илэрхийлээд "БЗД-т хийж байгаа бүтээн байгуулалт, гарч байгаа хуулиуд нь иргэдийн амьдралд үр өгөөжөө өгч байгаа ч хэрэгжүүлж буй дунд шатны байгууллагууд ажлаа сайн хийж, хийсэн ажлаа тухай бүрт нь тайлагнаж байх шаардлагатай" гэдгийг хэлж байсан юм.
БЗД-ийн 16-р хорооны иргэн
“Их Хурлын гишүүд ирээд иргэдтэйгээ уулзаж хаана ямар ажил өрнөж байна. Батлаад өгсөн төсөв, мөнгөөр юу хийв гэж ярилцаж байгаан сайшаалтай хэрэг. Өнгөрсөн жилүүдэд манай Баянзүрх хоггүй болж чадсан, гэмт хэрэг буурсан, зам талбай засагдаад ярих юм алга. Иргэд бид хийсэн зүйлээ ярьж сурахгүй бол хийж байгаа зүйл бүрийг харахгүй байгаа юм шиг өнгөрч болохгүй. Одоо иргэдийн хэлж байгаа зүйлийг сонсож байхад , голдуу ажил хэрэгтэй байна мөнгө хэрэгтэй байна миний орон сууц ийм байна гээд л хувийн асуудалд уур хилэн гаргаж байгаа нь харамсалтай байна. Эрхэм гишүүддээ хэлэхэд, төсөв мөнгө тавьсан өчнөөн мөнгө төчнөөн төгрөг гэхийн. Энэ их мөнгө яг зарцуулагдаж байна уу үгүй юу талыг нь идээд талаар нь хийж байна гэдэг хардлага бас төрөөд байгаа учраас шалгаад хэлж байхгүй бол зарим зүйлийг сонсоход ч арай л дэндүү их мөнгөөр баригдсан байх юм” гэлээ.
БЗД-ийн 20-р хорооны иргэн
"Би энэ хороонд амьдраад 50 жил болж байна. Одоо АН, МАН гээд л хороо дүүргийн хүмүүс хоёр хуваагдчихсан. Би ерөөсөө энэ намчирхдаг байдлыг халаад өгөөч гэж хэлмээр байна. Иргэд хөдөлмөрчдийн хуралд хэн ч сууж үгээ хэлж болох байтал одоо энд хэрүүл гараад л МАН, МАХН, АН гээд л байх шиг байх юм. Хүмүүс нам гэж талцаж суухаар энэ жилийн сонгуулиар хийсэн юмтай шударга хүнийг сонгоорой гэж уриалмаар байна. Идэж ууна мөнгө төгрөг хусна гэвэл аль ч нам хамаагүй авна иднэ.Тэгэхээр намчирхаж манай танай гэх биш манай хороонд хийсэн хэлсэн үг нь нийлдэг шударга зарчимч хүнийг л дэмжих хэрэгтэй. Одоо манай улсад нам гээд талцуулдаг хэдэн баячууд ард иргэдээр тоглож дууслаа. Эрхэм гишүүд минь энэ намчирхдаг зүйлийг болиулж өгөөрэй. Урьд бид нэг намтай байхдаа ажиллаад хөдөлмөрлөөд болоод л байсан. Одоо биднийг ажил хийе гэхээр нохойноос дор үзэх болсон. Таны нас хэтэрсэн байна гээд байдаг. Ер нь нам, нам гээд байгааг л болимоор байна. Ж.Батзандан гишүүнийг бол нэг ажил эхлүүлээд түүнийхээ төлөө явдаг гэдгийг нь гадарланаа. Тууштай байгаарай. Битгий худалдагдаарай" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн уулзалт бүрээр иргэд "Монгол улс өрөнд орсон, нэг иргэнд тэдэн сая төгрөг гээд ярих юм" энэ үнэхээр үнэн үү ихээхэн сэтгэл зовниж байна гэдгээ илэрхийлж байсан. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг дараах хариултыг өгсөн юм.
Ер нь бол Хугацаа хэтэрсэн зээлийг өр гэдэг. Өр, зээлд болгоомжтой хандах нь зүйн хэрэг. Ер нь бол Монгол улсын нийт зээлийн 70 орчим хувь хувийн хэвшлийн авсан зээл бна. Хувийн компаниудын авсан зээлийг Монголын төр, Засгийн газар, улмаар ард түмэн төлөхгүй нь мэдээж билээ. Гэтэл сүүлийн үед өр, зээлийн асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд их ярих болсон. Монгол улсын нийт зээлийг хүн амд хуваагаад 1 хүнд тэдэн сая.төгрөг хэмээн олон түмнийг өр, зээлийн айдаст автуулах оролдлогыг хийж бна. Энэ бол тун тусгүй үйлдэл. Энэ нь Хойд Солонгос байсхийгээд атомын бөмбөг тавина гэж дэлхий нийтийг заналхийлж байгаатай арга, барилын хувьд төстэй харагдаж байна. Бодит байдалд нийт зээлийн 60 орчим хувийг 2004-2012 оны хооронд авсан гэсэн тооцоо гарчээ.