Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар Баянхонгор аймагт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран Баянхонгор аймагт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2016 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулав.
Баянхонгор аймгийн “Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нийгмийн түншлэлийн багийн ажлын үр дүн, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт гуравдугаар зөвлөгөөний үеэр энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат үг хэлсэн. Тэрбээр, 2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг өөрчлөхөөс аргагүй болоод байгаа хэмээсэн. Сүүлийн зургаан жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 88 хүн амиа алдсаны 98 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа нь тунхагийн шинжтэй хуулийг өөрчлөх зөвхөн нэг шалтгаан болохыг хэлсэн юм.
Хүүхэд, эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийллийн золиос болох нь олонтаа байдаг бол эрчүүд, ахмад настанууд эдийн засгийн шинжтэй хүчирхийлэлд мөн өртдөг нь судалгаагаар тодорхой болсон талаар Байнгын хорооны дарга өгүүлсэн. Эрчүүдэд гэр бүлийнх нь зүгээс мөнгө төгрөг олж ирэхгүй байна хэмээн дарамт учруулдаг бол ахмад настанууд хүүхдүүдийнхаа шахалтад орж хэдэн сар, жилээр тэтгэврийн зээл авч өгөөд өөрөө түүнийгээ захиран зарцуулах эрхгүй болдог байна. Байнгын хорооны дарга Д.Ганбат 2004 онд баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдлыг зөрчил хэмээн үздэг бол шинээр боловсруулсан хуулийн төсөлд гэмт хэрэг гэж үзэхээр тусгасан гэлээ.
Түүнчлэн хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийлэлтэй дан ганц цагдаагийн байгууллага тэмцэх бус эмч, багш, иргэний нийгмийн байгууллагууд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээдэг байхаар тусгасан талаар ч хэлэлцүүлэгт оролцогчдод мэдээлсэн юм. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат олон жил нөхрийнхөө зодуур дарамтанд амьдраад сүүлдээ тэвчээр нь алдран нөхрийнхөө амь насыг хөнөөсөн 43 эмэгтэй ял эдэлж буй талаар дурдаад шинээр боловсруулсан хуулийн төсөлд хүчирхийлэлд өртөн аргагүй хамгаалалт хэтрүүлэн амь насыг нь хохироосон тохиолдолд ялыг хөнгөрүүлэх зохицуулалт тусаад байгааг дуулгасан.
Түүний дараа Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулсан юм.
Хуулийн зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлоход чиглэгдэж байгааг өөрчилж, хохирогч, гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтыг шинээр нэмж томьёолсон байна. Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж, хамгаалалтын гадна үлдэж байсан хохирогчдыг энэ хуулийн зохицуулалтад хамааруулах боломжийг бүрдүүлжээ.
Тэрбээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын өөрчлөлтүүдийг тусгасан гэлээ. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчаас хамааралтай эмзэг байдлыг харгалзан хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зохицуулалтуудыг нэг бүлэг болгон шинээр оруулжээ.
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх үүрэг хүлээсэн байгууллагуудын дунд мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгож, мэдээлэл, дүн шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх юм байна.
Хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийллийг зөрчил хэмээн үзэж, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг хохирогчийн үүрэг болгож, эрсдэлд оруулахаас гадна хүчирхийлэл дахин давтагдахад хүргэж байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож, хариуцлага гарцаагүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ.
Байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий тунхаглалын шинжтэй хуульчилсныг өөрчилж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг тусган, холбогдох хуулиудын зохицуулалтыг нийцүүлэн өөрчлөхийг зорьжээ. Түүнчлэн хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зохицуулалтыг цогц байдлаар томьёолж, үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн хэлбэрүүдийг төсөлд шинээр оруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн бүтэц, механизм, байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгааг Байнгын хорооны ахлах зөвлөх танилцуулгынхаа үеэр дурдсан.
Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал “Гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” гэсэн сэдвээр мэдээлэл хийсэн бол Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мэргэжилтэн Г.Арсланхуяг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр гадаад орны туршлага, Монгол Улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.