Нэр дэвшигчид тодруулах хугацааг хойшлуулахаас өөр аргагүй
2016.05.06

Нэр дэвшигчид тодруулах хугацааг хойшлуулахаас өөр аргагүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 

-“Шударга ёс” эвслийн Ч.Улаан болон Д.Тэрбишдагва нар намаасаа гарч, танай намд орохоор болж байна. Намд эргэж нэгдэж байгаатай холбоотойгоор энэ хоёр гишүүнтэй ямар нэгэн албан тушаалын тохироо яригдсан уу. Өмнө нь Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар шууд Удирдах зөвлөлийн гишүүн болсон шүү дээ?

-Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д гишүүнчлэлээ сэргээе гэсэн асуудлыг тавьж байгаа. МАН, МАХН эвсэх асуудлаар өнгөрсөн хугацаанд нэлээд яриа, хэлцэл явсан. МАН-аас Ч.Хүрэлбаатар гишүүн ажлын хэсгийг ахалсан. Харин МАХН-аас Ч.Улаан гишүүн ажилласан. Тэр үед яригдаж байсан яриа, тохиролцоонуудыг та бүхэн мэдэж байгаа.

Ажлын хэсэг дээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулъя гэдэг дээр нэгдсэн шийдэлд хүрсэн. Харин одоо бүлгүүд 26 тойрогт 76 мандаттай байх уу, 76 тойрогт 76 мандаттай байх уу гэдэг асуудлыг ярьж, улс төрийн шийдлээ гаргах ёстой. 

МАН, МАХН эвсэж сонгуульд орсон тохиолдолд УИХ-ын 76 суудлын 25 мандат буюу 34 хувийг нь МАХН-аас, 66 хувийг МАН-аас нэр дэвшүүлнэ гэж тохирсон байсан. Хэрэв сонгуульд олонхи болсон тохиолдолд аль нэг намын дарга нь УИХ-ын дарга, нөгөө нь Ерөнхий сайд болно гэсэн тохиролцоо хийгдсэн байсан. Харамсалтай нь энэ тохирооноосоо МАХН-ынхан буцсан. Үүнд ажлын хэсэг ахалсан Ч.Улаан гишүүний хувьд сэтгэл дундуур үлдсэн юм шиг билээ. Үнэхээр намын жирийн гишүүд, дэмжигчдийн хувьд энэ хоёр нам нэгдээсэй, нэгдэж чаддаггүй юм гэхэд эвсэж сонгуульд оролцоосой гэж хүсч байсан. Энэ нь зөвхөн хоёр намын гишүүдийн асуудал биш, Монгол Улсын эрх ашиг гэж үзэж байсан. Гэвч энэ бүх яригдаж байсан асуудал бүтэлгүйтсэнд ажлын хэсгийн гишүүд сэтгэл дундуур байгаа. Үүнийх нь илэрхийлэл болж, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-д элсэхээр болж байна. 

-Цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай холбоотойгоор Сонгуулийн хуулийг хэрхэн өөрчлөх вэ гэх асуудал хүлээлт үүсгэж байна. Танай намын бүлэг энэ талаар шийдэлд хүрсэн үү?

-Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэг өчигдөр хуралдсан. Ажлын хэсэг дээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулъя гэдэг дээр нэгдсэн шийдэлд хүрсэн. Харин одоо бүлгүүд 26 тойрогт 76 мандаттай байх уу, 76 тойрогт 76 мандаттай байх уу гэдэг асуудлыг ярьж, улс төрийн шийдлээ гаргах ёстой. Энэ шийдлээ гаргаж чадвал цаашлаад цэцийн дүгнэлттэй холбогдуулж, Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах асуудал өнөө маргаашдаа шийдэгдэх бололцоотой. МАН-ын бүлэг энэ дагуу хуралдсан.Тодорхой асуудлыг маш хурдан шийдээд, сонгуулийг хуулийн хугацаанд, үнэн шударга, будлиан маргаангүй явуулах тал дээр байр сууриа нэгтгэсэн. Одоо Ардчилсан намын бүлэг хуралдаж, шийдлээ гаргахыг бид хүлээж байна.

-Сонгуулийн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор нэр дэвшигчдийг тодруулах хугацааг хойшлуулна гэх мэдээлэл байна. Үнэхээр тийм шаардлага байгаа юу?

-Тавдугаар сарын 5-наас 9-ний хооронд улс төрийн намууд УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаатай. Гэтэл цэцийн дүгнэлт гарсантай холбогдуулж, Сонгуулийн хуульд байгаа УИХ-ын сонгуультай холбоотой зарим заалтуудад өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа. Энэ нь нэр дэвших хугацааг хойшлуулах зайлшгүй үндэслэл болж байгаа. Гэхдээ нэр дэвших хугацааг хойшлуулж байгаа нь сонгуулийн санал авах өдрийг хойшлуулах шалтаг, шалтгаан болохгүй. 2012 оны сонгуулиар тавдугаар сарын 31-ний өдөр намууд нэр дэвшигчээ тодруулсан. Ингээд зургаадугаар сарын 8-нд сонгуулийн сурталчилгаа эхэлж байсан. Тэгвэл бид энэ удаад тавдугаар сардаа багтаад нэр дэвшигчдээ тодруулаад, зургаадугаар сарын 11-нд сурталчилгааг эхлүүлэх бололцоотой. Тэгэхээр цаг хугацааны хувьд зөрчил гарахгүй.

-“Шударга ёс” эвсэл одоо чадамжгүй болчихлоо. Энэ тохиолдолд Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох, Засгийн газар ч бас чадамжгүй болох үндэслэл бий юу. Хуулийн талаас нь тайлбарлаач?

-Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд эвсэж байгаа эвсэл нь чадамжгүй болохоор Засгийн газар чадамжгүй болох эрх зүйн орчин бий. Гэхдээ сонгууль дөхчихсөн байгаа энэ богино хугацаанд бид Засгийн газар огцрох ёстой, чадамжгүй болчихлоо гэдэг асуудлыг ярих шаардлагагүй байх. Би хувь хүнийхээ хувьд энэ зохимжгүй гэж үзэж байна. Харин эвсэл нь задарсантай холбоотойгоор эвслийнхээ сайд нарыг яах вэ гэх асуудал гарах байх. Засгийн газрын өөрийнх нь шийдэх, дотоод асуудал болно. МАХН болон МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ажиллах боломжгүй болж байгаа.

-Танай бүлэг 26 томсгосон тойрог, эсвэл жижиг 76 дээр нэгдсэн байр сууринд хүрсэн үү?

-Манайх яг нэгдсэн байдлаар шийдээгүй байна. Гэхдээ энэ шийдэхэд тийм ч хэцүү асуудал биш.

-Таны хувийн байр суурь ямар байгаа вэ?

-Одоохондоо өөрийн байр сууриа хэлээд яах вэ.