Эмэгтэйчүүдийн квотыг бууруулж 20 хувьд хүргэсэн нь том ухралт боллоо
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.05.09

Эмэгтэйчүүдийн квотыг бууруулж 20 хувьд хүргэсэн нь том ухралт боллоо

Сонгуулийн хуулийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

-Сонгуулийг 100 хувь мажоритар системээр явуулахаар хуульчиллаа. Сонгуулийн хуулийг ингэж баталсаны үр дагаварыг та яаж харж байгаа вэ?

-Нийгэмд ухралтууд хийгдэх боллоо. Холимог тогтолцоо нь улс төрийн намуудыг төлөвшүүлдэг, нийгмийн тодорхой бүлгүүдийн төлөөлөл УИХ-д орж ажиллахыг дэмжсэн чухал хууль байсан. Өмнөх парламентууд сонгуулийн ардчилалын төлөө олон жил ажилласан.

Тэдний баталсан сонгуулийн хуулиудаас холимог тогтолцоо нь нилээн дэвшилттэй хувилбар байсан юм.  Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн холимог тогтолцоог үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэний дагуу УИХ-аар хэлэлцлээ.

Тэгээд УИХ-ын ихэнх гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа. Миний хувьд  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлж буй хүнийхээ үүднээс Сонгуулийн хууль батлагдсан даруйд нэр дэвших эмэгтэйчүүдээ бэлдээд эхэлсэн байсан. Сонгуульд оролцох шаардлагатай бүх бэлтгэлүүдийг хийсэн байлаа. Харамсалтай нь сая батлагдсан Сонгуулийн хуулиар энэ бүх ажил талаар болчихлоо.

-Сонгуулийг жижиг 76 тойрогт явуулахаар боллоо. Үүний сул ба давуу тал нь юу юм бэ?

-Сонгуулийн тойргийг жижиг 76 болгосон нь бүр дордуулсан зүйл боллоо. УИХ бол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал биш шүү дээ. Энэ бол Улсын Их Хурал. Бид энд зөвхөн бодлогоо ярьж байх ёстой. Монгол улсаа яаж хөгжүүлэх вэ?,  төсвийг батлахдаа зөвхөн нэг дүүрэг, тойргийн хэмжээнд бус нийт улсын хэмжээнд яаж ажиллах вэ гэх мэтээр илүү том зургаар харж ажиллах ёстой.

Харин жижиг 76 тойрог болгосноор жалга, довны үзэл рүү буцаад орж байна.

Том тойрогт тухайн жилүүдэд улс орныхоо хэмжээнд ажилласан хүмүүс сонгогдох магадлалтай байдаг. Харин жижиг тойрог их эрсдэлтэй байдаг. Учир нь жижиг хэмжээтэй учраас мөнгөний хүчин зүйл их нөлөөлнө. Мөн намууд маш олон бие даагчийг гаргаж ирж саналыг хуваадаг.

Манай улсад сонгуулиар мөнгө хийдэг гаршсан хэсэг хүмүүс байна шүү дээ. Эдгээр хүмүүс санал хувааснаараа тодорхой төлбөр авч амьдардаг. Сая сонгуульд оролцох гэрчилгээгээ авсан намуудыг харъя даа. Тэдний зарим нь өмнө огт харагдаж байгаагүй сонгуулиас бусад цагт хаана байдаг юм бэ гэж бодохоор намууд байна. Эдгээр намууд сонгуулийн үеэр үйл ажиллагаа нь идэвхжиж байдаг.

Тэгэхээр сонгуулийн энэ хууль том утгаар нь харвал маш том ухралт болсон. Жижиг тойрогт эмэгтэйчүүд өрсөлдөхөд их хэцүү байдаг. Дээрээс нь сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж байгааг далимдуулаад эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг 20 хувь болгочихлоо.

Тэгэхээр долоо хоногийн дотор олон ухралтыг хийлээ. Энэ сарын 4-ны өдөр бүх намын эмэгтэй гишүүдийн төлөөлөл уулзан эмэгтэйчүүдийн квотын асуудлаар ярилцаж, эвлэлдэн нэгдэж УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Гэтэл "Эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг холимог системтэй байхад дэмжсэн. Одоо 76 жижиг тойрог болсон учраас эрэгтэйчүүд бид нэр дэвшмээр байна. Та нар чадахгүй. Мөнгөгүй. Санал алдана" гэдэг шалтгаанаар квотын тоог бууруулчихлаа.

-Уг нь УИХ-ын дарга З.Энхболд чуулганы индэрээс бид нар эмэгтэйчүүдээ шахдаг муу эрчүүд биш гэсэн утга бүхий мэдэгдлийг хийсэн биз дээ?

-Харин бүгд тэгэж хэлж байсан. Гэтэл ажлын хэсэг дээр ийм санал гарсан гээд оруулаад ирлээ.

-Хууль нэгэнт батлагдчихлаа. Сая батлагдсан Сонгуулийн хуулийг та алдаа гэж харж байгаа юм байна. Энэ алдааг яаж засах вэ?

-Нэг хэсэгтээ засагдахгүй. Бид энэ баталсан хуулийн горыг ойлгоод ирснийхээ дараа  үүнийгээ засах байх. Улс төрийн нам бол байх ёстой.  Нэгэнт улс төрийн нам нь байгаа бол эрх мэдэлтэй, удирдлагатай, зохион байгуулалттай, хяналттай, төлөвшилтэй байж улс төр тогтвортой байна.

Өнөөдөр улс төр тогтворгүй, намууд нь төлөвшөөгүй байгаа учир гишүүд нь нэг намаас нөгөө нам руу гарах үзэгдэл хэвийн юм шиг харагдаж эхэллээ. Тэгэхээр улс төрийг төлөвшүүлэх механизмгүй болчихлоо шүү дээ.

Одоогийн парламентад ажиллаж буй 11 эмэгтэй гишүүний 40 хувь нь жагсаалтаар орж ирсэн. Бид нар 11 үүлээ байсныхаа хүчинд нийгмийн олон чухал хуулийг батлахад үүрэг гүйцэтгэлээ. Цөөхүүлээ байвал болдоггүй юм байна. Байнгын хороо бүрт хоёр, гурваараа сууж байж хуулийн манаач болдог. Бид аливаа хуулийг хэлэлцэх шатанд эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хэрэгтэй заалтыг чи хариуцаарай гэх мэтээр ажилладаг.

Ингэж ажилласаны хүчинд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудад эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн эрхийг зөрчиж байгаа хариуцлагуудыг чангатгаж оруулж өгсөн. Нийгмийн бодлогын байнгын хороонд Хүүхдийн эрхийн хууль, Эмнэлэгийн хууль гэх мэт нийгмийн асуудалтай холбоотой олон чухал хуулиудыг батлуулчихлаа. Зөв хууль баталж чадвал олон сая хүнд тусалж чаддаг. Тэгэхээр хууль тогтоох байгууллагад нь эмэгтэйчүүд олноор ажилламаар байна.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувьд сая батлагдсан хуулиндаа тааруулаад АН-ын эмэгтэйчүүдийг сонгуульд ямар зохион байгуулалттайгаар авч орох гэж байна вэ?

-Манай эмэгтэйчүүд чадвартай. Эмэгтэйчүүдийг дэмжиж олон улсын байгууллагуудаас сургалт явуулдаг. Улс төрд эмэгтэйчүүд олноороо орж ирснээр улсын хөгжилд ахиц гарна, илүү хүнлэг энэрэнгүй болно, бохир улс төр нь цэвэрлэгдэнэ гэж олон улсын байгууллагууд үздэг.

Тэгэхээр олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэг их хэрэгтэй. Бид маш олон сургалтыг явуулсан. Манай эмэгтэйчүүдэд ганц тулгамдсан асуудал байдаг нь хөрөнгө, санхүү. Тэгэхээр эмэгтэйчүүдийнхээ хөрөнгө, мөнгийг яаж босгох вэ?, сонгуулийн хуулийн хүрээнд хандив цуглуулах ажилд анхаарах талаар төлөвлөж байна. Хэрвээ санхүүгийн асуудлыг шийдвэл эмэгтэйчүүд маань ялах боломж 100 хувь байгаа.