НИТХ-д 10 хорооноос сонгогдож байсан бол УИХ-д 3-5 хорооноос сонгогдох нь
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.05.09

НИТХ-д 10 хорооноос сонгогдож байсан бол УИХ-д 3-5 хорооноос сонгогдох нь

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болсон цагаас хойш эмэгтэйчүүдийн квотыг хасах нь гэсэн мэдээлэл гарсан. Эмэгтэй гишүүд үүнийг эсэргүүцсэн хэдий ч УИХ-ын шийдвэрт нөлөөлж чадсангүй.

Нам, эвслээс нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байх тухай заалтыг өөрчилж 20 болгон буурууллаа. 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж холимог тогголцоонд шилжүүлэхдээ анх удаа эмэгтэйчүүдийн квотыг 25 хувиар хуульчилж байв. Харин энэ удаад өмнөхөөсөө ч бууруулж 20 хувь болгосон явдалд эмэгтэйчүүд бухимдаж байна.

Ялангуяа, УИХ-ын дарга болон эмэгтэй гишүүдцээ шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Учир нь, Цэцийн дүгнэлтийг хүлээж авах үеэр УИХ-ын дарга З.Энхболд чуулганы индэр дээрээс “Эмэгтэйчүүдийн квотыг хасна гэж хардах хэрэггүй. Бид эмэгтэйчүүддээ шахалт үзүүлдэг яахаа алдсан хүмүүс биш” хэмээн мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас дараахь тодруулгыг авлаа.

-Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үүний өмнөх УИХ сонгуулийн тогтолцоонд маш том шинэчлэл хийсэн. Харамсалтай нь энэ удаагийн УИХ эсрэгээрээ маш том ухралт хийлээ. Энэ нь улс орны хөгжилд том нөлөө үзүүлнэ. Улс төрд нэр цэвэр, ашиг сонирхлын зөрчилгүй, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлье гэж ярьдаг нь жижиг 76 тойргоор сонгууль явуулж байгаа тохиолдолд биелэлээ олохгүй.

Яагаад гэвэл, өмнө нь гишүүд том тойрогт ажиллаж тухайн аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд анхаарлаа хандуулдаг байсан бол одоо гурав, дөрөвхөн хорооны төлөөлөл болж хувирна. Жинхэнэ жалга довны үзэл бий болно гэсэн үг.

Би 2008 онд нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцоод том тойрог буюу 10 хорооноос сонгогдож байсан.

Харин одоо УИХ-ын сонгуульд оролцохдоо 3-5 хороонд л өрсөлдөхөөр болоод байна. Нөгөөтэйгүүр мөнгөний сонгууль болно. Уг нь тойрог томсгосноор мөнгөний сонгууль болдог гэх шүүмжлэл багасч байсан. Тухайлбал, 230 мянган хүн амтай Баянгол дүүрэгт мөнгө тараана гэдэг ойлголт мартагдаж байлаа.

Ер нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг эсэргүүцэж саналаа өгсөн цөөхөн гишүүний нэг нь бий. Уг нь, холимог тогтолцоо нь дэвшилтэд хэлбэр байсан юм. Гэтэл олон манай улс олон улсын жишгээс ухарч холимог тогтолцооноос татгалзлаа. Бүр эмэгтэйчүүдийн квотыг багасгаж 20 хувь болголоо.

-Ингэж бууруулж байгаагийн үндэслэл нь юу юм бэ?

-Шалтгааныг нь асуухаар холимог тогтолцоон дээр 30 хувь нь тохирч байсан гэж тайлбарласан. Улмаар жижиг 76 тойргоор сонгууль явуулах тохиолдолд 20 хувь байх нь зүйтэй гэж үзээд баталчихлаа. Эмэгтэйчүүд цөөхүүлээ учраас яах аргагүй хүчин мөхөсдлөө.

Энэ бол хэдхэн эмэгтэй гишүүний асуудал биш. Монгол Улсын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ УИХ олон жил шийдвэрлэгдээгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн шүү дээ.

Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, гэр бүл, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт олон асуудлыг шийдсэн. Энэ нь УИХ эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэнтэй холбоотой байсан.