Ус сувгийн удирдах газар ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч байна
Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх, ажил олгогч, ажилтны төлөөллийг ойлголцуулах үүднээс шат шатны Үйлдвэрчний эвлэлүүд, аймаг нийслэл, албан байгууллагын Засаг дарга нартай МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар уулзалт хийж эхэлжээ.
Тэрээр өчигдөр Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүтэй уулзахад өнгөрсөн жилээс зогсоогоод байсан татвар, шимтгэлийн асуудлыг нааштайгаар шийдсэн “сайхан мэдээ”-тэй угтсан байна.
Ц.Төрхүү ажлаа аваад удаагүй ч хамгийн түрүүнд ҮЭ-ийн хорооны дарга Д.Энхбаясгалантай уулзаж, гишүүнчлэлийн татвар, ажилчдынхаа нийгмийн олон асуудлыг нааштайгаар шийдэх тухай ярилцсанд ажилтнууд нь сэтгэл хангалуун байгаа аж.
Ус сувгийн удирдах газар 1500-гаад ажиллагчидтай. Хамтын гэрээ, хөдөлмөр хамгаалал, цалин хөлс гээд тус байгууллагын удирдлагын зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч байна. Ингэж ажиллахад Үйлдвэрчний эвлэл нь гүүр болж байгааг ч дарга Ц.Төрхүү хэллээ.