Байнгын хорооны тогтоолыг батлав
2017.05.10

Байнгын хорооны тогтоолыг батлав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.05.10/ хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын бодлого, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг дээрх тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд тус УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийн тайланг өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаанаар хэлэлцсэн юм.

Уг тогтоолоор эрүүл мэндийн салбарын бодлого, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, төсвийн болон даатгалын санхүүжилт, үр ашгийг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ. Тухайлбал,

-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор эдгээр хуулийг дагалдаж гарах журам, стандартыг энэ оны 2 дугаар улиралд багтаан батлах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах;

-эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан багцын тусламж үйлчилгээг бүрэн хэрэгжүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл хөрөнгийг шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах, сангаас санхүүжиж буй тусламж үйлчилгээний өртөг, зардлыг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ижил зардлаар санхүүжүүлэх нөхцөлийг 2017 онд багтаан судалж, шийдвэрлэх;

-эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг боловсронгуй болгох, төрөөс төлбөрийг нь хариуцаж байгаа тусламж, үйлчилгээний бодит өртгийг тооцож, тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар санхүүжүүлэх, үр дүн, бүтээгдэхүүнд чиглэсэн худалдан авалтын хэлбэрт шилжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурын худалдан авалтыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулах, ханган нийлүүлэлтийг сайжруулах, тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;

-эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа, хүний нөөц, санхүүжилтийг боловсронгуй болгох асуудлыг судалж, шийдвэрлэх зэрэг 12 асуудлыг тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг нар асуулт асууж, саналаа илэрхийлсэн. Гишүүдийн гаргасан саналын дагуу тогтоолын төсөлд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх асуудлыг мөн тусгахаар болсон. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Байнгын хорооны тогтоолыг баталлаа.