УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2017.06.02

Б.Жавхлан: Дархан, Эрдэнэт хотуудад өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.02/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан орон нутгуудад өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулахыг санал болгов. 

Энэ оны 4 дүгээр сард Анхдугаар зөвлөлдөх санал асуулга болж, улмаар удахгүй хоёр дахь шатны арга хэмжээ авна гэж ойлгож байна. 8 дугаар сар хүртэл нийт таван сар гэдэг бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон нийтэд сурталчлан таниулахад хангалттай хугацаа гэж бодож байна.

Тогтоолын төслийн 5 дугаар зүйлд төсөвтэй холбоотой зүйл заалт туссан байна. Мөн хавсралтын 1,6 дахь хэсэгт УИХ-ын гишүүд тойргийнхоо сонгогчидтой уулзалт хийж, төслийн талаар хэлэлцүүлж дүгнэлт саналыг ирүүлэх гэж бидний хийх ажлыг маш тодорхой зааж өгчээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд Дархан, Эрдэнэт хоттой холбоотой засаг захиргааны маш чухал заалтууд бий. Одоогийн хуульд зааснаар Улаанбаатар хот хэт их данхайж, эдийн засгийн хэт төвлөрөл үүсч, хөдөө орон нутгаас нийслэл хот руу шилжилт хөдөлгөөнийг даахаа больсон энэ үед Дархан, Эрдэнэт зэрэг хотуудыг улсын статустай хот болгож хөгжүүлэх бодлого нь эдийн засгийн жигд өсөлтийг хангах, төвлөрлийг сааруулах зэрэг том агуулга, ач холбогдолтой.

Хүн ам нь 100 мянгаас хол давсан иргэдтэй хотын иргэдийн дунд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлгийг маш өргөн хүрээнд зохион байгуулах нь ач чухал холбогдолтой. Энэ ч үүднээс олон хүн амтай хот суурин газарт Үндсэн хуулийн өөрчлөлтийг сурталчлан таниулахад ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай.

Нөгөө талаас хөрөнгө мөнгө хүрэлцээ муу байна гээд зөвхөн Улаанбаатар хотод буюу хязгаарлагдмал хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх нь үр дүн сайнгүй гарах вий гэж болгоомжлол байна. Тиймээс уг тогтоолын төслийг хавсралтын хамт дахин өргөн барих эсвэл Засгийн газрын шугамаар зарцуулах төсвөө маш тодорхой болгож, энэ ажилд зориулан орон нутгуудад төсөв хуваарилах боломж бий юу?