2009.12.06

Сайншандын залуус төмөр замчин болно

Дорноговь аймгийн 100 залуу төмөр замчин болно. Залуусыг төмөр замчин мэргэжлээр сургах сургалтын төв тус суманд өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийлээ, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, Улаанбаатар төмөр замын орлогч дарга Ю.Нямжаргал болон албаны хүмүүс ирээдүйн их бүтээн байгуулалтын эздийг бэлтгэх сургалтын төвийн туузыг хайчиллаа. Дорнын говьд хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлын гараа ийнхүү эхлэв.

Ирэх таван жилд багтаан аж үйлдвэрийн цогцолбор Сайншандад барих төслийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам холбогдох яамдтай хамтран боловсруулж дуусжээ, Говьд Эрдэнэт, Дархан шиг аж үйлдвэрийн хот байгуулахад арван тэрбум ам.доллар хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид зэс молибден, гөлтгөнө, газрын тос, нүүрсний арвайн их нөөцтэй ордуудыг түшиглэх уг цогцолборт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж эхэлжээ.

396 мянган ажлын байр бий болгох хүнд аж үйлдвэрийн цогцолборт 12 төрлийн үйлдвэр байгуула төлөвлөжээ. Тодруулбал, зэс төмрийн хүдэр, ган хайлуулах үйлдвэр, газрын тос боловсруулах, кокс цементийн үйлдвэр, цахилгаан станц, төмөр замын таримал барих боломжтой. Ирээдүйн хөгжлийн хөтөч болох хотоор Сайншандыг зүгээр л нэг сонгочихоогүй аж, Сайншанд хот төмөр зам дэд бүтцийн зангилаа төв, Оюутолгой, Тавантолгой Цагаан суварга зэрэг томоохон ордууд болон өмнөд хөрштэй хамгийн ойр. Сайншандаас хойш 10 км цэргийн зориулалтаар ашиглаж байсан хүнд даацын нисэх онгоц хүлээн авах зурвастай аэродромтой. Хамгийн чухал нь ус. Аймгийн төвөөс холгүй Бор хөөврийн говийн гүний усны ихээхэн нөөцтэй. 1980-аад оны үед хайгуул хийж байсан ЗХУ-ын мэргэжилтнүүд өрөмдлөг хийжээ. Гэнэт газрын гүнээс тэнгэрт тулсан их ус оргилсон гэдэг. Оргилсон их усыг тухайн үед дарж хаажээ. Гэвч өнөөг хүртэл даралттай ус газрын гүнээс оргилсоор байв, Далайн сайн ус нэртэй энэхүү усны нөөц аж үйлдвэрийн хотыг тэтгэх амин үндэс юм байна.
Түүнчлэн Эрдэнэтийн дараа орох нөөцтэй Цагаансуваргын зэсийн орд, Зүүнбаянгийн нефтийн орд тус аймгийн нутагт бий. Цагаан суваргын ордыг "МАК" ХХК ирэх оноос ашиглаж эхлэхээр үйлдвэрээ барьж эхэлнэ.

Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 12.4 тэрбум ам.доллараар өсгөх бүтээн байгуулалтын хоттой болоход Тавантолгой Зүүнбаян-Сайншандын чиглэлд төмөр зам барих шаардлагатай байгаа. Хүн амын хориодхон хувь нь мал аж ахуй эрхэлдэг Дорноговь аймгийн 100 залууг төмөр замчин болгохын учир энэ. Сургалтын төвийг цаашид өргөтгөж, Техник технологийн их сургуультай болох зорилготой байгаагаа аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэлж байв.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.