2018.03.16

Мэргэжилтэй ажилтанг бодлогоор дэмждэг бусад орны туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй

Одоогийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон хувийн өмчийн 100 орчим их дээд сургууль, коллежид 160 гаруй мянган оюутан суралцаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар жилд 30-40 мянган оюутан сургуулиа төгсдөг ч ердөө гуравны нэг нь эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг аж.

Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилийн эхэнд их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 157 мянга болж өмнөх хичээлийн жилээс 3.4 хувиар буурсан. Элсэгчдийн тоо буурсанд олон хүчин зүйл нөлөөлсөн ч эдийн засгийн хямрал нэн тэргүүнд нөлөөлж байгааг дуулгалаа.

ХНХ-ын сайд С.Чинзориг: Одоогийн байгаа бүтэц, удирдлагын тогтолцоог зайлшгүй өөрчлөх ёстой гэж үзэж байна. Яаманд Мэргэжлийн боловсрол сургалтын асуудал хариуцсан газартай болох асуудлыг ойрын хугацаанд шийдэх хэрэгтэй байна. Мөн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын асуудлыг орон нутгийн удирдлагуудаас салгаж авч үзэж болохгүй. ТУЗ-ийн даргыг дандаа Улаанбаатар хотоос хариуцаж байгаа нь орон нутгаас энэ асуудлыг хөндийрүүлж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Үе үеийн Засгийн газар мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр ярьдаг. Бид зах зээлийн эдийн засагт орохдоо 70 жилийн бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнээ гудманд гаргаад, тэр цагаас хойш мэргэжилтэй боловсон хүчин гэдэг зүйлийг хаясан. Зах зээлийн үед ардчиллыг жинхэнэ хөгжүүлдэг зүйл бол жижиг дунд үйлдвэрлэл байдаг.