2018.04.25

Салхины эрчим хүчнийг хуримтлуулдаг болно

Ойрын хугацаанд “Салхит”-ын салхин цахилгаан станцаас гарч байгаа эрчим хүчийг хуримтлуулдаг технологийг оруулж ирэхийг зорьж байна.  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тус цахилгаан станцийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид тус станцаас гарч байгаа эрчим хүчийг хуримтлуулдаг болгох хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байгааг онцоллоо.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Монгол улс нийт эрчим хүчнийхээ 11,8% -ыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэж байна. Цаашдаа энэ эх үүсвэрүүд нэмэгдэнэ. Өнөөдрийн олгосон зөвшөөрөл нилээн өндөр хэмжээнд өгөгдсөн байгаа. Гэхдээ бид үүнийг тодорхой зохицуулалттайгаар, бусад эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадалтайгаа уялдуулан хөгжүүлэхгүй бол болохгүй. Жишээлбэл:  Өвлийн үед 6 цагийн үед наргүй болдог. Тиймээс үйлдвэрлэл нь зогсчихдог.  Салхигүй байх юм бол бас үйлдвэрлэл нь зогсчихно.  Иймэрхүү хүндрэлүүд нар салхины станцад байдаг. Энэ хүндрэлийг даван туулахын тулд бид салхитай, нартай байгаа үед нь үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг нь хуримтлуулдаг 100 гаруй мегабайтын хүчин чадалтай, улсын хэмжээний нэгдсэн хуримтлуурын системийг бий болгох ажлыг ойрын хоёр жилд багтааж хийнэ гэж төлөвлөж байна.

Түүнчлэн "Салхит"-ын цахилгаан станцын дэргэд нарын цахилгаан станц барьж байгуулвал Монголын анхны хосолсон цахилгаан станц болно гэдгийг онцлов.