С.Эрдэнэ: Монгол Улсын гадаад өр 27.5 тэрбум ам.доллар хэвээрээ байгаа
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.
-Ирэх оны төсвийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Төсвийн сахилга бат хариуцлагын асуудалд хэрхэн хяналт тавьж ажиллах вэ?
-Намрын чуулган нэлээд хариуцлагатай байх ёстой. Эрх баригч намын бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрсөн. Энэ үед амалсан амлалтууд нь хэдэн хувьтай явж байгаа вэ гэдэгтээ хяналт тавих ёстой. Үндсэндээ бүтээн байгуулах ганцхан жил байна. Өргөн барьсан төсвийг харж байхад дорвитой томоохон өөрчлөлтүүд харагдахгүй байна. Ялангуяа эдийн засгийн сууриа зөв болгох, олон тулгуурт тогтолцоо руу шилжих алхам хийгээгүй байна. Нөгөө л уул уурхайн орлогод тулгаарласан эдийн засгийн бодлогод бүх ачаагаа үүрүүлээд явж байна. ХАА болон бусад эдийн засгийн тулгууруудыг сэргээх, бий болгох талаар ахисан зүйл харагдсангүй.
-Төсөвт ам.долларын ханшийг барих талаар хэрхэн тусгасан байна вэ?
-Ам.долларын ханш 2600 төгрөг рүү дөхлөө. Оны эцэст энэ байдал сайжрах төлөв харагдахгүй байгаа. Шатахууны үнийг өсгөхгүй байх, инфляцийг тодорхой хэмжээнд барьж байх ёстой төрийн байгууллагууд ажлаа хийж чадахгүй байна. Монгол банк инфляци руу чиглэсэн мөнгөний бодлого явуулж байх ёстой. Гэтэл ингэж ажиллаж чадахгүй байна. Зөвхөн валютын нөөцийг нэмэгдүүлэхэд бүх анхаарлаа хандуулж, бусад бодлогоо орхигдуулсан нь маш тодорхой харагдаж байна. Ийм нөхцөлд бид төсвөө зөв хэлэлцэх хэрэгтэй. Хэт олонхи төрөө барьсан байдлаар хандвал сайн төсөв болж чадахгүй.
-Өрийн хэмжээ буурсан гэж Сангийн яамнаас мэдэгдээд байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Өр буурсан мэтээр ярьж, олон нийтийн тархийг угаахаа болих хэрэгтэй. Монгол Улсын гадаад өр 27.5 тэрбум ам.доллар хэвээрээ байгаа. Үүн дотроо Засгийн газрын өр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 3.5 тэрбум ам.доллараар өсчихлөө. Гадаад өр нь өсөөд байхад дотоод зах зээлдээ төсвийн алдагдлаа нөхсөн үйл ажиллагаагаа өр дарсан мэтээр ярьж, түүнийгээ улс төрийн зорилгоор өмнөх Засгийн газар руу чихдэг зарчим байх ёсгүй. Багш нарын цалинг нэмж чадахгүй байгаа мөртлөө оюутнуудад тэтгэлэг өгөх тухай ярьж байна.
-Цэцийн дүгнэлтэд ямар байр суурьтай байна вэ?
-Бид ээлжит бус чуулганы хувьд цэцийн дүгнэлтийг оновчтой болж чадаагүй гэж харж байгаа. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчид төрд төлөөлөлтэй байх ёстой. Шүүхийн шийдвэр гараад тухайн тойргоос сонгогдсон гишүүн татагдсан тохиолдолд хуулийн хугацаанд нөхөн сонгууль явах ёстой байдаг. Гэвч харамсалтай нь нэр дэвших хүн олдоогүй юм уу, эсвэл нэр хүнд нь муу байгаа гэж үзсэн үү, МАН-ынхан эрх мэдлээ ашиглаад сонгогчдын эрх ашгийг хойш тавьж, нөхөн сонгуулийг хойшлуулсан нь байж боломгүй зүйл. Ээлжит бус чуулганыг хуралдуулах хэд хэдэн нөхцөл байдал үүссэн ч хуралдуулаагүй.
-Ээлжит бус чуулган зарлаагүй нь хууль зөрчсөн асуудал гэж тайлбарлаж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Одоо энэ асуудлыг ярина. Намын бүлгүүд ч ярих ёстой. Түүний дараагаар нэг шийдвэрт хүрнэ.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Хамгийн чухал тогтолцоогоо өөрчилнө гэж яриад байгаа. Таны хувьд тогтолцоогоо өөрчлөх нь хэр зөв алхам гэж үзэж байна вэ?
-Аль нэг нам олонхи байх үед нөхцөл байдлаа ашиглаж давуу байдал үүсгэх замаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг АН хүлээн зөвшөөрөхгүй. Бид аль нэг намын байгуулсан ажлын хэсгийн боловсруулсан төслийг явуулах биш бүх ард түмнээр хэлэлцүүлж байж шийдэх ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх дүрэм, журмын дагуу буюу бүх ард түмний хэлэлцүүлгийн үр дүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Бүх нийтийн санал асуулгаар энэ асуудлыг шийдээгүй цагт АН Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын эсрэг зогсоно. Үндсэн хууль гэдэг бол улс орны аюулгүй байдлын гол бичиг баримт.
-Та төрийн тогтолцоог өөрчлөх асуудалд Ерөнхийлөгчийн саналыг дэмжих үү?
-Одоогоор ямар засаглал, ямар тогтолцоо яриад байгаа нь тодорхой бус байна шүү дээ. Төрийн тогтолцоог өөрчлөх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн зүйл ярьсан гэж ойлгож байгаа. Чухам ямар засаглал ярьж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
-Таны хувьд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих үү?
-Дэмжихгүй. Манайх шиг хүчирхэг хоёр орны дунд байгаа, хүн ам цөөн, эдийн засгийн хувьд жижиг орны хувьд парламентын засаглал илүү аюулгүй, оновчтой.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин