2019.08.26
МҮЭ-үүдийн Эв санааны нэгдлийн өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн өдрүүдийн хүрээнд зохион байгуулж буй "Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн Эв санааны нэгдлийн өдөрлөг" амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү өдөрлөгт МҮЭ-ийн холбооны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоод, харъяа газрын аппаратын ажилтан, идвэхтэн сонгуультан гэсэн 160 гаруй хүн оролцож байна.
Өдөрлөгийн эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Өнөөдөр Монголд үйлдвэрчний эвлэл үүсч хөгжсөний 102, Үндэсний төв байгуулагдсаны 92 жилийн ой тохиож байна. Хүн бүр эцэг эхээс заяасан овог нэртэй байдагч Үйлдвэрчний эвлэлээрээ овоглож Хөдөлмөрийн хүний төлөө тууштай тэмцэж ажиллаж ирсэн билээ. Үйлдвэрчний эвлэлийн үе үеийн түүхэнд хөдөлмөрчин хүний дуу хоолой болон тэдний төлөө тэмцлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн байдаг.
Гэвч бид 21 дүгээр зууны үйлдвэрчний тэмцэл, жагсаал, цуглааныг арай өөр хамтын ажиллагаа, харилцаанд тулгуурлан зохион байгуулах учиртай. Та бидний цаашдын тэмцэл "Зохистой хөдөлмөр"-ийн төлөө " Эв санааны нэгдэл"- ийн дор тууштай үнэнч явахыг хүсье. Бидний эв санааны нэгдэл улам батжих болтугай" хэмээгээд ҮЭ-ийн идэвхтэн сонгуультан аппаратын ажилтнуудад Үйлдвэрчний эвлэлүүдийн өдрүүдийн баярын мэнд хүргэв.