C.Чинзориг: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөвт анх удаа хөрөнгө тусгасан
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин. М.Энхцэцэг
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГТОЙ ярилцлаа.
-УИХ-ын нэгдсэн чуулганаар 2020 оны төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн. Төсөвт иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой ямар арга хэмжээ авахаар тусгасан бэ?
-Монгол Улсын 2020 оны төсөвт иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой хэд хэдэн чухал зорилтыг хэрэгжүүлэхээр тусгалаа. Ялангуяа, ирэх онд төрийн албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Мөн Төрийн албаны тухай хуулийг шинээр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдлийг олгодог болно. Үүнд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх эх үүсвэрээс гадна төрийн үйлчилгээний 128 мянган албан хаагчийг хамруулахаар 140 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Энэ бол төрийн үйлчилгээний албан хаагч буюу багш, эмч нарт шинээр олгож байгаа нэмэгдэл юм. Тодруулбал, цалингийнх нь дунджаар 10 хувийн нэмэгдлийг төрийн үйлчилгээний албан хаагчид олгоно. Түүнчлэн малчид болон эхчүүдтэй холбоотой хэд хэдэн хуулийг шинээр хэрэгжүүлэхээр тусгаад байна. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулахтай холбоотой хуулийг өнгөрсөн, оноос хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 9000 орчим малчин дээрх хуулийн дагуу тэтгэврээ эрт тогтоолгосон байна.
Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй олон зуун малчин бий. 250 орчим мянган малчин байгаагаас 20 орчим хувь нь л нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг. Үлдсэн нь нийгмийн хамгааллын гадна явна. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжийг малчдад олгох хуулийг ирэх жилээс хэрэгжүүлнэ.
-Хуулийг хэрэгжүүлж эхлэхээр нийгмийн даатгалаа нөхөн төлөөд тэтгэвэрт гарах хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Үүнийг дагаад төсвийн ачаалал нэмэгдэх байх. Ер нь хэчнээн малчин нийгмийн даатгалаа нөхөн төлөөд тэтгэвэр тогтоолгохоор байна вэ?
-Нийт малчдын 80 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй учраас дээрх хуулийг хэрэгжүүлэхээр малчид нэлээд өргөн хүрээтэй хамрагдахаар хандах байх.
Бидний тооцоолсноор хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 200 гаруй тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд ирэх жил орж ирнэ. Үүнээс 40 орчим тэрбум төгрөг эргээд малчдын тэтгэвэр болон гарах юм байна гэсэн тооцоог гаргасан. Тэгэхээр малчдынхаа нийгмийн хамгааллыг шийдвэрлэсэн үр дүнтэй ажил болно.
Манай улс Үндсэн хуульдаа “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн заалттай хэрнээ сүүлийн 20 гаруй жил малчдаа ч, малаа ч төрийн бодлогын гадна орхисон гэхэд хилсдэхгүй. Малын эрүүл мэнд, үржил селекцийн асуудал төрийн бодлогын гадна хяналтгүй байсаар ирсэн. Тиймээс уг хуулийг гаргаснаар малчдадаа нэг удаа дэмжлэг үзүүлье, малчдын хөдөлмөрийг үнэлье гэж байгаа юм.
ДААТГАЛ ТӨЛДӨГГҮЙ ЭЭЖҮҮДИЙН ШИМТГЭЛИЙН 50 ХУВИЙГ ТӨСВӨӨС ҮЛДСЭНИЙГ НЬ ӨӨРӨӨ ТӨЛДӨГ БОЛНО
-Ирэх онд ээжүүдтэй холбоотой хэд хэдэн арга хэмжээг авахаар байгаа. Ялангуяа, гурав хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээжүүдэд илүү их боломжийг олгож байгаа юм билээ. Үүнээс гадна ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?
-Нийгмийн даатгалын сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбоотойгоор эхчүүдтэй холбоотой хэд хэдэн зорилтыг хэрэгжүүлнэ. Тухайлбал, төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцох хуулийг хэрэгжүүлнэ. Мөн сайн дурын болон заавал даатгалд хамрагдсан ээжүүд жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ ялгаатай авдаг.Заавал даатгалд хамрагдсан ээжүүд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувь авдаг. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээжүүд цалингийн 70 хувиар бодож авдаг. Тиймээс сайн дурын даатгалд хамрагдсан ээжүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувь авдаг болгох хуулийн төслийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Мөн 0-3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээжүүдийн нийгмийн даатгал тасалддаг. Үүнтэй холбогдуулан эхчүүд хүүхэд төрүүлэхээр нийгмийн хамгааллын асуудал нь хохирдог. Үүнд нэлээд өөрчлөлтийг оруулсан.
Тодруулбал, хүүхдээ гурван нас хүртэл харж байгаа ээжүүдэд тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлөгддөг байх хуулийг ирэх оны эхний өдрөөс хэрэгжүүлнэ. Заавал даатгалд хамрагдсан ээжүүд хүүхдээ гурван нас хүртэл нь харж байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь хариуцан төлдөг. Сайн дурын даатгалд хамрагдсан ээжүүд хүүхдээ гурван нас хүртэл харж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдсэнийг нь Нийгмийн даатгалын сангийн тэтгэмжийн сангаас төлдөг байхаар, даатгал төлдөггүй бол нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс, талыг нь өөрөө төлдөг байхаар зохицуулсан. Ингэснээр олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг уртасгах, тасалдахгүй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
-УИХ-ын эмэгтэй гишүүд тэтгэвэрт эрт гаргасан эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг төсвийн хүрээнд шийдэх боломжтой юу?
-1991 онд ажлын байр чөлөөлнө гэдэг нэрийдлээр 44 мянган эхийг нас нь болоогүй байхад тэтгэвэрт гаргасан байдаг. 1996 онд тэтгэвэрт гарах эрх үүсээгүй байна гэдэг шалтгаанаар тэдний тэтгэврийг зогсоож нөхөн олговор болгосон.Эдгээр ээж эрт тэтгэвэрт гарснаас улсад ажилласан жил бага учир тэтгэврийг нь бага тогтоосон.
Тиймээс Засгийн газраас төсвийн төсөл өргөн барихдаа 1991 онд гарсан хуулиар нас нь болоогүй байхад эрт тэтгэвэрт гарсан ээжүүдийн тэтгэврийг нэг удаа нэмэгдүүлэх талаар хуулийн төсөл өргөн барьсан.
Эдгээр ээжүүдийн тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан юм. Төслийг өргөн барьсны дараа УИХ-ын эмэгтэй гишүүд дээрх утга, агуулга бүхий хуулийн төслийг хүлээн авч, хэлэлцүүлж байна. Ингэхдээ ээжүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх талар Төсвийн тухай хуульд тусгасан учир эмэгтэй гишүүдийн өргөн барьсан хуулийг Төсвийн тухай болон түүнийг дагалдуулан өргөн барьсан хуулиудтай хамтатган хэлэлцэхээр болсон юм.
Эдгээр арга хэмжээнд зориулан ирэх оны төсөвт 600 тэрбум төгрөгийг тусгаад байна. Ер нь нийгмийн даатгалын хууль тогтоомжуудтай холбоотой өөрчлөлт оруулж байгаа учир Нийгмийн даатгалын сангийн зарлага нэмэгдэж байгаа.
Нөгөө талаасаа малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж байгаатай холбоотой нийгмийн даатгалын орлого 200 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ жил гэхэд Нийгмийн даатгалын сан улсаас 600 сая төгрөгийн татаас авч ажиллаж байгаа бол ирэх жил 300 сая төгрөгөөр буурах тооцоог хийж байна.
-Ирэх онд инфляцын түвшинтэй уялдуулан цалин, тэтгэвэр нэмцэ гэж байгаа. Орлого тогтворгүй, бараг ганцхан эх үүсвэртэй байгаа үед тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ гэж жилийн өмнөөс мэдэгдэх нь үнийн хөөрөгдөл үүсгэх эрсдэлтэй биш үү. Ер нь орлого тогтворгүй байхад халамжийн бодлогыг нэмэх нь хэр зөв шийдэл вэ?
-Төр, засаг иргэдийнхээ амьжиргаатай холбоотой асуудлыг ярих нь зүй ёсны хэрэг. Манай улс зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил боллоо. Зах зээлийн харилцаа эдийн засгийнхаа утга, агуулгаараа төлөвшиж чадаагүйн илрэл. Ер нь үнийн зах зээлд төр оролцдоггүй, үнийг тогтоодоггүй.
Эрэлт, нийлүүлэлтийн заагт үнэ тогтдог. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжээд өчнөөн жил болчихоод цалин, тэтгэвэр нэмэх сургаар автоматаар үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид нь бүтээгдэхүүний үнээ нэмээд байна гэдэг зах зээлийн харилцаа төгс төгөлдөр болж чадахгүй байгаатай холбоотой.
Цалин, тэтгэврийг инфляцын түвшнээр уялдуулж нэмэх нь хоёр талын ач холбогдолтой. Иргэдийн худалдан авах чадварыг хадгалж байна. Хэрэглээнд гарч байгаа өсөлтийг инфляцын түвшингөөр нөхөж байгаа. Нөгөө талаас цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ гэдэг үнийн хөөрөгдөл гаргахгүй байх эдийн засаг, санхүүгийн гол механизм юм.
-2020 оны төсвийн хөрөнгө оруулалтыг хэт ялгавартай тавьсан гэх шүүмжлэл өрнөж байна. Тухайлбал, Хэнтий аймагт 135 тэрбум төгрөг байхад Дундговь аймагт 1.9 тэрбум төгрөг тавьсанд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ талаар бүлэг дээр ярьсан. Орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулалтыг чиглүүлэхээс өөр арга байхгүй. Манай улсын хувьд газар нутаг том, хүн ам цөөнтэй, дээр нь тархуу суурьшсан байдаг ч алслагдсан гээд орон нутагт хөгжилгүй байна байна гэж байхгүй. Тиймээс орон нутагт хөрөнгө оруулалт шаардлагатай. Улаанбаатар хотод нийт хүн амын 48 хувь нь суурьшаад байна.
Тиймээс нийслэл рүү чиглэсэн нүүдлийг бууруулъя гэвэл орон нутагт дэд бүтцийн хөгжлийг бий болгох, хаана ч хүмүүсийн ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх нь төр засгийн, үүрэг. Харин Хэнтийд тавьсан хөрөнгө оруулалтын асуудлыг би сайн мэдэхгүй. Засгийн газраас өнгөрсөн жил Хэнтий аймгийг аялал жуулчлалыг хөгжүүлэх гол бүс нутаг болгоно гэж зарласан. Үүнтэй холбогдуулан аялал, жуулчлалыг татах, эзэн Чингис хаантай холбоотой бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр байгаа. Үүний хүрээнд төсөвт ахиу хөрөнгө оруулалт тавьсан байх.
ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧИЙГ 50 ХУВИАР БУУРЖУУЛНА
-Ирэх оны төсөвт хөдөлмөр эрхлэлттэй холбоотой санхүүжилтийг хэрхэн тусгасан бэ. Ер нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр салбар яамнаас ямар арга хэмжээ авах вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ирэх онд бодлогын хэд хэдэн арга хэмжээ авна. Тухайлбал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан гадаадаас авах ажиллах хүчийг 50 хувиар бууруулна гэсэн зорилтоо бүрэн хангана. Ингэснээр дотооддоо ажилгүй байгаа залуусыг ажлын байртай болгох бодлогоо хэрэгжүүлнэ. Мөн ажилгүйдлийг бууруулах гол арга бол Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа залуучуудад дэмжлэг үзүүлэх, сонирхлыг нь хөхиүлэн дэмжих зайлшгүй шаардлага бий.
Ер нь МСҮТ-ийг төгсч байгаа залуусыг ажлын байраар 100 хувь хангах боломжийг бий болгоно. Нэг хэсгийг нь бүтээн байгуулалтыг даган бий болж байгаа ажлын байранд зуучилна. Нөгөө хэсгийг нь өөрт бий болгосон ур чадвар, чадавхад нь тулгуурлан өөртөө болон бусдад ажлын байр бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Ингэж чадвал МСҮТ-ийг төгсч байгаа залуучуудыг 100 хувь ажлын байртай болгох боломж бий. Үүний дагуу МСҮТ-д суралцаж байгаа залуусын тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж 200 мянган төгрөг болгож байгаа. Нийт 73 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаад байна. Ирэх жилийн төсвийн нэг онцлог нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хөрөнгө тусгасан явдал юм.
Учир нь, сүүлийн 20 жил Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зориулж хөрөнгө тусгадаггүй байсан. Сайн, муугаар хэлээд байгаа гадаадаас авч байгаа ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг явуулж ирсэн. Тиймээс энэ талаар Засгийн газрын хуралдаанаар ярилцсаны дүнд 2020 оны улсын төсөвт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буюу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зориулж 40 тэрбум төгрөгийг тусгаснаараа онцлог боллоо.
ЕРӨНХИЙ САЙД КАБИНЕТАА БҮРДҮҮЛДЭГ, ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БАЙХ САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖТОЙ
-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхийг дэмжлээ. Та сөрөг хүчнийхний тавьж байгаа гурван саналд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжсэн саналуудыг эргэж харах, гуравдугаар хэлэлцүүлгийн явцад өөрчлөлт оруулах боломж үүслээ гэж үзэж байна. Гэхдээ УАН-ын санал болгбж байгаа гурван саналаас Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд өөрөө томилдог байх саналыг шууд хүлээгээд авчих боломжтой гэж харж байгаа.
Ер нь энэ санал УИХ-ын 64 гишүүн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны төсөлд байсан. Явцын дунд гишүүдийн байр суурь өөрчлөгдөж, хоёрдугаар хэлэлцүүлэгт уг санал олонхын дэмжлэг авалгүй унасан. Тиймээс парламентын засаглалыг төгөлдөржүүлье гэвэл Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлдэг, хариуцлага тооцдог байх боломжийг нь өгчих ёстой гэсэн бодолтой байдаг.
Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, сонгуулийн тогтолцоог холимог болгох саналд гишүүдийн дунд маргаан өрнөх болов уу. Миний хувьд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг хүлээж авахад болохгүй зүйл байхгүй.
Монгол Улс сүүлийн 20 жил хөгжихгүй байгаа нь ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч, парламент, Ерөнхий сайд гээд олон толгойтой байгаа учраас асуудлууд хүндрээд байна гэж хардаг. Тиймээс энэ саналыг хүлээгээд авчих нь зөв.
Гэхдээ үүнд хоёр болгоомжлол бий.
Нэгдүгээрт, Ерөнхийлөгч нь Ард нийтийн санал асуулгаар “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэдгийг асуулгахаар ярьж байгаа хүн парламентаас Ерөнхийлөгчөө сонгодог байхыг дэмжихгүй болов уу.
Хоёрдугаарт, ард, иргэд Ерөнхийлөгчөө өөрсдөө сонгох ёстой гэсэн байр суурьтай байдаг юм билээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн болон ард түмний байр суурийг харгалзан авч үзэх болов уу. АН ч өөрийн намаас сонгогдсон Ерөнхийлөгчтэйгөө ойлголцож байгаа эсэх нь эргэлзээтэй байна.Сонгуулийн холимог тогтолцооны хувьд би жижиг тогтолцоогоор явах ёстой гэсэн байр суурьтай байдаг.
Ер нь иргэд нэр хүнд муутай, элдэв хэрэгт орооцолдсон хүмүүс намын жагсаалтад орж ирдэг гэсэн асуудлаас болоод 2012 оны сонгуулиар холимог тогтолцоо дэмжлэг аваагүй. Тиймээс үүнийг бодох хэрэгтэй. Иргэдийн хувьд нэр дэвшигчийг нэлээд сайн судалж, хэлж ярихыг нь сонсч байж сонголтоо хийнэ гэсэн байр суурьтай байдаг. УИХ-аас гаргаж байгаа шийдвэр бол ард түмний хүсэл, сонирхолд нийцсэн байх учиртай.
Ард түмэн сонгуулийн холимог тогтолцоог дэмжихгүй байхад бид иргэдийн эсрэг санал гаргаж болохгүй. Эдгээр асуудлыг шийдэхгүй бол АН-ын зөвлөл зөвшилцөлд оролцохгүйгээс гадна гуравдугаар хэлэлцүүлгээр батлахыг дэмжихгүй гэж байгаа. Ингэснээр улс төрийн нөхцөл байдал хүндрэх байх.
-Дээрх гурван саналыг бүлэг дэмжсэн гэсэн мэдээлэл байна. Тухайлбал,сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос мөрдөх санал гарсан гэсэн. Энэ тухайд юу хэлэх вэ?
-АН-аас тийм санал ирүүлж байгаа. Энэ талаар МАН-ын бүлэг эцэслэн яриагүй. Сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байхыг 2025 оноос мөрдөх талаар санал гаргаад байгаа юм билээ.
Энэ бол саналуудыг хэрэгжүүлэх хугацаандаа биш, улс төрийн намуудын төлөвшилтэй холбоотой асуудал. Улс төрийн намууд төлөвшсөн, үйл ажиллагаа нь тогтмол, тоглоомын дүрэм нь тодорхой, ядаж олон түмний хүсэн хүлээгээд байгаа хүмүүсийг жагсаалтад оруулж чаддаг чадавхтай болсон нөхцөлд болохгүй зүйл байхгүй. Холимог тогтолцоонд ч давуу тал бий.
Улсын томоохон бодлого явуулахад чухал үүрэгтэй. Гэхдээ манай улс шиг газар нутаг томтой, хүн ам сийрэг оршин суудаг нөхцөлд жижиг тойргоор сонгодог байх нь хамгийн зөв шийдэл. Хэрвээ шууд сонгодог тогтолцоо байхгүй болчихвол алслагдсан сум, орон нутгийн хөгжлийн асуудал төрийн бодлогын гадна үлдэнэ гэсэн үг. Хэдий муугаар хэлээд байгаа ч жижиг тойргоор сонгуулийг явуулах нь зөв юм.