МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Азийн нийгмийн түншлэлийн байгууллагуудын чуулганд оролцож байна
2019.11.13

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Азийн нийгмийн түншлэлийн байгууллагуудын чуулганд оролцож байна

Азийн 26 орны нийгмийн түншлэлийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын чуулган БНСУ-д болж байна. Засгийн газар, ҮЭ, Ажил олгогч ба бизнесийн байгууллагын төлөөлөл оролцож буй тус чуулган нь ази бүс нутгийн хэмжээнд нийгмийн харилцаа, түншлэлийг хэрхэн боловсронгуй болгох, оролцогч талуудын санал санаачлагыг дээшлүүлэх чиглэлээр туршлага солилцох, цаашид нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллахад чиглэж байна.

Чуулганаас Азийн нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар Тунхаг бичиг гаргалаа. Нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан бүтцийг орон бүрт бий болгох, нийгмийн түншлэлийн чуулганыг жил бүр зохион байгуулж, туршлага солилцож байх, мөн ОУХБ-ын зууны тунхаг, НҮБ-ын ТХЗ-уудыг амжилттай хэрэгжүүлэхэд талуудын санал, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тунхгийн гол агуулга оршино.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Монголын нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны туршлагыг хуваалцаж, цаашид энэ чиглэлээр Азийн бүс нутгийн ҮЭ-үүд болон бусад оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл зорилготой байгаагаа илэрхийллээ.

Чуулганы үйл ажиллагааг БНСУ-ын Эдийн засаг, нийгэм, хөдөлмөрийн зөвлөл зохион байгуулж байна. Уг зөвлөл нь гурван талт бүтэцтэй байгууллага аж.