Эрдэнэтийн иргэд Япон улсад гэрээгээр ажиллах боломж бүрдэнэ
Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд ар гэрийнхээ санхүүгийн асуудлыг шийдсэнээр жилд хэдэн сая ам доллараар яригдах их хэмжээний мөнгөн урсгалыг Монгол улсад төвлөрүүлдэг. Өндөр хөгжилтэй оронд ажилласнаар, дээд мэргэжилтэй төрийн байгууллагад ажиллаад авдаг цалинг 3-4 дахин нугалж олдог нь нууц биш юм.
Энгийн л нэг үйлчлэгч, асрагч, туслах ажилтан, зөөгч хийхэд л авдаг ажлын хөлс шүү дээ. Тиймээс амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд өндөр хөгжилтэй оронд ажиллах сонирхолтой иргэдийн тоо жилээс жилд өсөж байна. Гагцхүү хууль ёсны дагуу ажиллаж, амьдрах эрх олж авна гэдэг тийм ч амар биш юм. Тэгвэл "Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгаа"-ны тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилсан "Гэрэлтэй Эрдэнэт" хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Нийгмийн халамжийн корпорацад асрагч, сувилагчаар ажиллах сонирхолтой гэрээт ажилчдыг бүртгэж эхэлсэн байна.
Сувилагч, асрагчаар ажилладаг, ажиллаж байсан туршлагатай, япон хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. Эхний ажил болгож 2019 оны 12 сарын 1-нд 14:00 цагт Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт болно.
Тус уулзалтаар Япон улсын нийгмийн корпорацийн захирал Масамичин Кома болон Огавара нар Эрдэнэтийн залуустай биечлэн уулзуулна. Уг ажлыг Монгол улс болон Япон улс хоорондын 2019 оны 4 сарын 18-нд байгуулсан "Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны санамж бичиг"-ийг үндэслэн Япон улсын нийгмийн корпорацтай хамтран ажиллахаар болжээ. Та бүхэн 99350825 дугаарт бүртгүүлж, нээлттэй оролцож болно.