Цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмлээ
2019.12.18

Цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмлээ

Засийн газрын өнөөдөр /2019-12-18/-ийн хуралдаанаар цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны мөнгийг нэмэх шийдвэр гаргалаа.

Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоов.

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болголоо. 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэв.

Үүнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ.

2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.