Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсын Элчин сайд ноён Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 48 жилийн ой энэ онд тохиож байгааг дурдаж, энэ хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглэн хэлэв.
Мөн Японы шинэ он тоолол болох “Рэйва” буюу “Эв нэгдэл, энх тайван”-ыг бэлгэдсэн он тоолол, монголчуудад “Хувьтай хүн хулгана жилийг үздэг” хэмээх бэлгэдэлт жил эхэлж байгаа нь хоёр улсын олон жилийн түүхэн найрамдалт, найрсаг харилцааг улам бэхжүүлж, бататган хөгжүүлэх нэгэн он цагийн эхлэл хэмээн бэлгэшээж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улс анхны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон Улстай 2015 онд байгуулснаас хойш манай хоёр улсын хооронд хийгдэх худалдаа эргэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, 2018 оны эцсийн байдлаар 2016 оныхтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байсныг онцлов. Энэ нь эрчим хүч, хүнс, үйлдвэрлэл болон бусад салбарын эдийн засгийн хөгжилд нөлөөлөхүйц томоохон бүтээн байгуулалтын салбаруудад хөрөнгө оруулалт хийж, ашигтай хамтран ажилласны үр дүн гэж үзэж байгаагаа тэмдэглэв.
Монгол Улс, Япон Улс хамтран дэд бүтэц, тэр дундаа зам, тээврийн салбарт олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА-ын дэмжлэгтэй, урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих төсөл нь манай улсын агаарын тээврийн салбарт төдийгүй улсын хэмжээнд томоохонд тооцогдох цогц бүтээн байгуулалтын төсөл болсныг онцоллоо. Шинэ нисэх буудлын менежментийг Япон Улсын хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх болсон нь манай улсад олон улсын нисэх буудлын менежментийг сайжруулах, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, Японы нисэх буудлын үйлчилгээний сайн туршлагыг нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Мөн Японоос импортоор эвдэрсэн, осолд орсон тээврийн хэрэгсэл ихээр орж ирдэг бөгөөд Монголд оруулж ирснийхээ дараа засварлаж, худалдах явдал гардаг. Иймд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс эвдрэлтэй тээврийн хэрэгслийг оруулахгүй байх, импортоор оруулж ирж буй тээврийн хэрэгслийн дата мэдээллийг экспортлогч орноос нь шууд авдаг байх мэдээллийн сан үүсгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Нийт тээврийн хэрэгслийн 30 хувийг 20 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл эзэлж байгаа ба жилд дунджаар 5000 орчим тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагддаг.
Цаашлаад ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл болон ашиглалтын улмаас үүсч буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах зохицуулалт, үйлдвэрлэл байхгүйн улмаас ашиглалтаас хасагдсан автомашин, хог хаягдал, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл буюу приус зэрэг автомашины батарей, аккумулятор, дугуй зэрэг нь агаар болон хөрсний бохирдлыг бүрдүүлэгч нэг эх үүсвэр болж байна. Тиймээс эдгээр хог хаягдлыг устгах, дахин боловсруулах асуудалд Японы талтай хамтарч ажиллах саналтай байгаагаа Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан илэрхийллээ.
Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки японы ард түмний сэтгэл зүтгэлээр бүтээгдсэн Нарны зам, Нарны гүүр одоо болтол ашиглагдаж, шинээр Улаанбаатар хотын шинэ нисэх буудал ашиглалтад орох гэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Хайбрид болон цахилгаан хөдөлгүүртэй автомашины батарей, аккумуляторыг дахин боловсруулах, хоргүйжүүлэх үйлдвэр барих болон японоос осолд орсон, хулгайлагдсан автомашин импортлохгүй байх зорилгоор автомашины мэдээллийг харилцан онлайнаар солилцох чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд, баруунаас зүүн тийш сунаж тогтсон байршилтай, дундуураа төмөр зам болон 2 голоор тусгаарлагдсан Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад гүүрэн зам барих хэрэгцээ шаардлага өндөр байгааг ярилцаад Улаанбаатар хотод шинээр гүүрэн байгууламжийг Японы буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барих асуудалд хамтарч ажиллахаар санал солилцлоо.
Талууд цаашид төмөр зам, далайн тээвэр, агаарын тээвэр, авто замын мэргэжлийн боловсон хүчнийг Японд туршлага судлуулах, дадлагажуулахад анхаарч үргэлжлүүлэн хамтарч ажиллахаар тогтов.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд эрхэмсэг Элчин сайдын оролцоо, хувь нэмэр нэн чухал болохыг дахин онцлоод, ажлын өндөр амжилт хүслээ.