“Чиглэл өгөх тухай” Цахим бодлогын түр хорооны тогтоолыг баталлаа
Цахим бодлогын түр хорооны өнөөдрийн /2020.01.22/ хуралдаанаар “Чиглэл өгөх тухай” Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Цахим орчинд иргэд үнэн зөв, зохистой мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтоолын төсөлд тусгасан бөгөөд тогтоолын төслийн талаар Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал танилцуулсан юм.
Монгол Улсын иргэдийн интернэтийн хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэхийн хэрээр фэйсбүүк, твиттер болон бусад олон нийтийн цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгчийн тоо өсөн нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор асар их мэдээллийг иргэд авч байгаа боловч үнэн худалыг нягтлах, эх сурвалж нь албан ёсны мөн эсэхийг тодорхойлоход хүндрэл үүсээд байна. Иймд цахим орчин дахь олон нийтийн сүлжээг ашиглан өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилж байгаа, үзэл бодлоо илэрхийлж буй байгууллага, хувь хүн, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хаяг, хуудсыг энгийн хэрэглэгчээс ялгаатай буюу баталгаажуулах нь зүйтэй байна.
Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд үл нийцэх мэдээллийг түгээж буй цахим хуудас, нийгмийн сүлжээн дэх цахим хаягуудын мэдээллийг олон нийтээс авч, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулж байх хэрэгцээ үүсээд байна.
Түүнчлэн төрийн алба, үйлчилгээ, хууль тогтоомжийг сурталчлахад цахим сүлжээг ашиглах бололцоотой байгааг харгалзан Төрийн албан хаагчдын дунд нийгмийн цахим сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь зүйтэй байна.
Иймд Цахим бодлогын түр хорооны даргын хувьд уг тогтоолын төслийг санаачиллаа хэмээн танилцуулав.
Мөн олон нийтийн сүлжээг ашиглан иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, сурталчлах, асуулга, судалгааг зохион байгуулах зэргээр төрийн албан хаагчдад олон нийтийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хүүхэд цахим орчинд олон нийтийн сүлжээг мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх зорилгоор ашиглах зөв хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор цахим орчны зохистой хэрэглээний талаарх мэдлэг олгох сургалтын хөтөлбөр боловсруулж Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх талаар тусгасан байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
Тогтоолын төсөлд төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон нийтийн сүлжээн дэх цахим хуудсыг энгийн хэрэглэгчээс ялгагдах таних тэмдэгтэй байх (verification, blue badge) шаардлагыг бий болгох, таних тэмдэгээ авахад нь дэмжлэг үзүүлэх, түүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих, хууль бус болон хориотой контент, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд үл нийцэх, олон нийтийн аюулгүй байдалд шууд аюул занал учруулж болохуйц гэж үзсэн контент, мэдээллийг түгээж буй цахим хуудасны домэйн нэр болон олон нийтийн сүлжээний хаягуудад хяналт тавьж хуурамч хаягуудыг устгуулах, хандалтыг хязгаарлах арга хэмжээг шуурхай зохион байгуулж байх, ногоон сувгийн хэрэгжилтийг сайжруулах, энэ талаар олон нийтэд сурталчлах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.