УИХ-ын чуулганы /2025.04.10/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Нэр дэвшигч Б.Жаргалсайхан прокурорыг дэмжиж байгаа. Сургууль төгссөн цагаасаа эхлэн салбартаа орон нутгаас нь эхлээд шат шатны албан тушаалыг хашсан, прокурорын байгууллага, МУ-ын Шүүх улс төртэй хутгалдаж ороо бусгаа явах цаг үед унаж, босож өгсөж уруудаж прокурорын байгууллагадаа үнэнчээр ажиллаж хууль зөрчсан, ашиг сонирхлын зөрчил гаргасан, ёс зүйгүй, элдэв асуудалд холбогдож байгаагүй хүн. 2019 оноос Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүх засаглал хараат бус, бие даасан байх заалтыг бодит байдал дээр хэрэгжихэд прокуророор томилогдоод өнгөрсөн 6 жилийн хугацаанд ингэж ажиллаж болохыг харуулж чадсан нэр дэвшигч гэж харж байгаа. Тиймээс ч Ерөнхийлөгч энэ талыг нь харгалзан үзэж улируулан томилох санал гаргасан байх. Ийм л бэлтгэгдсэн боловсон хүчин, төрийн албан хаагч, туршлагатай хүмүүсийг монголын төр ашигладаг байгаасай гэж бодож байна. Анх томилогдохдоо туршлага дутсан, яарч сандарсан, ач санах зэрэг асуудлууд байсан байх. Үүнийг үгүйсгэхгүй. Өнгөрсөн хугацаанд алдаа байдаг бол засаарай, амжилт ололтоо улам өнгөлж зүлгэж, зоригжиж, үүнээсээ эрч хүч авч, ажлаа улам эрчимжүүлээрэй гэж хүсье. Сайн машин, сайн жолооч 2 байж зорчигдоо зорьсон газар нь хүргэнэ. Түүнтэй адил сайн хууль эрх зүйн орчин түүнийг хэрэгжүүлэх туршлагатай албан хаагч байж монголын төр цэвэршинэ, монголын нийгэмд шударга ёс төлөвшиж бий болно. Энэ үүднээс 2017 онд Прокурорын тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-аар батлуулж байсан. Урьд нь хонгил угсардаг малын эмч, улстөрч хүн прокурор болдог байдлыг дээрх хуулийн өөрчлөлтөө засаж залруулсан. Прокурын байгууллагын ажилтнуудын нийгмийн байдлыг шийдэж, цалин хангамж зэрэг ажил амьдралын баталгааны асуудлыг мөн тэр хуулиар шийдсэн. Прокурорууд маань төрийн ажлыг шударгаар хийх бололцоо харьцангуй бүрдсэн байгаа. Туршлагатай удирдагч удирдаад явахаар нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө ажлын урам зориг нэмэгдэнэ гэж харж байгаа. Х.Тэмүүжин гишүүний хөндөж ярьсан насны асуудлын хувьд төрийн албаны хуулиар дээд нас 65 байна гэдгийг өөрчлөөд Шүүхийн тухай хууль, Прокурорын тухай хуульд 55, 60 нас гээд оруулчихсан. Үүнийг нас, албан тушаалаар ялгаварласан үндсэн хуулийн зөрчил гэсэн дүгнэлтийг Цэц гаргаад УИХ хүлээгээд авчихсан байгаа. Үүнтэй холбоотой хуулийн өөрчлөлтүүдийг Хууль зүйн байнгын хороо яаралтай хийж хууль хоорондын зөрчлийг арилгах тал дээр ажиллаарай. Ерөнхийлөгч бол төрийн албаны хуулийн хүрээнд санал ирүүлсэн.