Д.Сумъяабазар: "ЭТТ"-н ногдол ашиг тараахыг ирэх сарын 15-наас өмнө шийднэ
2020.01.21

Д.Сумъяабазар: "ЭТТ"-н ногдол ашиг тараахыг ирэх сарын 15-наас өмнө шийднэ

"Эрдэнэс Тавантолгой" компаниас иргэн бүрт эзэмшүүлж буй 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг тус компанийн ТУЗ-ийн хурлаар шийдэх талаар бид өмнө мэдээлсэн. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазараас өнөөдөр болсон "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурлын үеэр тодруулав. 

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашиг тараах талаар хэрхэн яаж шийдэх гэж байна вэ? 

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны тухайд нийт бүртгэл дуусаж байгаа. Ер нь "ЭТТ" ХК 2017 оноос хойш БНХАУ-ын "Чалко" компани болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийг тэглээд ашигтай ажиллаж ирсэн. Энэ нь уул уурхайн ашигт малтмалын түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр өсөлттэй байх үетэй давхцаж бидэнд нөхцөл боломжийг олгосон. 

1072 хувьцаанд ногдол ашиг хувааж тараах эсэх дээр нэг хэсэг нь дэмжээд, нэг тал нь "эсэргүүцсэн" хоёр тал байгаа юм. Аливаа зүйлийг бид 2 талтай харах ёстой. Мэдээж, нэг их наядын ашигтай ажилласан компани дээр энэ талаар яригдах нь зүй. Энэ талаар буюу ногдол ашиг хуваах талаар судалж үз гэсэн чиг үүргийг компанийн удирдлагуудад өгсөн. 

Энэ 7 хоногийн буюу маргаашийн Засгийн газрын хуралдааны дараа ТУЗ-ийн хурлаа хуралдуул энэ дээр бид тооцоололтой танилцаж ярилцаад Компанийн тухай хуулиараа 2 дугаар сарын 15-ны дотор шийдвэрээ гаргах ёстой. Түүнээс өмнө олгох олгохгүйг ярьж байгаад шийднэ. 

ЭТТ-н нэгж хувьцааны үнэ ханш өсөхөд экспортын төсөл рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийж байж, төмөр зам тавих, нүүрс баяжуулах, коксжсон үйлдвэр барих гээд олон зүйл нөлөөлнө. Ингэж байж 1072 хувьцааны үнэ цэн болон ногдол ашиг өснө. "ЭТТ" олон улсын хөрөнгийн бирж дээр гарч байж л засаглал сайтай, нээлттэй, ил тод хариуцлагатай, шилэн компани болно. Үүний төлөө л бид зорьж байна. Хувьцааны нэгж үнэ 933 төгрөг олон улсын бирж дээр тогтсон үнэ биш. Үнийг тогтоох ажлыг давхар хийж байна. 

-Тэгвэл "ЭТТ"-н хувьцааг олон улсад гаргах ажил хэр явагдаж байна?

-Энэ талаар шинээр байгуулсан "Эрдэнэс Тавантолгой майнинг" компани ажиллаж байгаа. Сайн ажиллаж, IPO хийх, хувьцаа гаргах ажил маш сайн яваа. Өчигдөр Сайдын зөвлөлийн хурлаар "Эрдэнэс Тавантолгой майнинг" болон "Монросцветмет" компаниудын талаар, мөн "Жонш" хөтөлбөрийн талаар оруулж хэлэлцэн үнэлгээг гаргасан. Гэхдээ IPO хийхтэй холбоотой дотоод мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж болохгүй. 

Энэ талын хуулийн зохицуулалт, дүрэм журам бий, санхүүгийн зөвлөмж ирсэн. Хөрөнгө босгох үйл ажиллагаа тул хөрөнгө оруулагчдын эрх ашгийг бодсон ч мэдээллийн аюулгүй байдал чухал. Бусдаар хувьцаа гаргах ажиллагаа маш сайн яваа, дотооддоо энэ ажлыг ирэх 2 дугаар сард багтаан дуусгаж, 3 дугаар сард Хөрөнгийн бирж рүүгээ материалаа өгнө. 2-3 сар шалгаж бүртгээд энэ ажлын ард бид сонгуулиас өмнө гарна. 

Тодруулга: "ЭТТ" ХК-ийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрээд байгаа юм. Монголын үндэсний, дотоодын ААН-үүдээс жилийн борлуулалтын орлого нь тэрбум ам.долларт хүрсэн компани урд өмнө гарч байгаагүйг "ЭТТ" ХК-иас мэдээлж байна.