Л.Энхболд: Таван толгойгоос нүүрс алдагдсан хэргийг илрүүлж, ногдол ашиг олгох ёстой
“Эрдэнэс Таван толгой” компанийг иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашиг олгох боломжийн талаар УИХ-ын гишүүн Л.Энхболд товч мэдээлэл өглөө.
“Эрдэнэс Таван толгой” компани 2018 онд 807.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараах болсон. Гэвч Засгийн газрын өгсөн үүргийн дагуу тус компанийн ашгийг Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтад ашиглахаар шийдвэрлэсэн юм. Үүний дараа Тавантолгойн орд газраас 340 мянган тонн нүүрс алга болсон хэрэг гарч, уг асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж буй юм.
Энэ нь мөнгөн дүнгээр бол 65 тэрбум төгрөгтэй тэнцэх бөгөөд уг асуудлыг шуурхай шийдвэрлэсэн тохиолдолд дээрх хөрөнгөөр хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах боломж бүрдэнэ хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүн Л.Энхболд онцоллоо.
Мөн тэрбээр Өмнөговь аймагт орон нутгийн өмчит “Таван толгой” компанийн удирдлагууд их хэмжээний урамшуулал авч байгааг шүүмжиллээ. Тэрбээр, “Нүүрс алга болсон хэргийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн тул хөрөнгө гаргах боломжгүй хэмээн ажилтнуудынхаа цалинг өгөхгүй хохироож байгаа талаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас мэдээлсэн. Энэ компанийн ТУЗ-ийн гишүүд 2016 он хүртэлх хугацаанд 3.6 тэрбум төгрөгийн урамшуулал авсан тухай мэдээлэл бий. Гүйцэтгэх захирал нь л гэхэд 1.3 тэрбум төгрөгийн урамшуулал авсан байна. Өөрсдөө их хэмжээний урамшуулал авдаг атлаа ажилтнуудаа хохироож болохгүй” гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энхболд нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл авахаар хуулийн байгууллагуудын удирдлагуудад ханджээ. ЦЕГ-ын даргаас ирүүлсэн мэдээгээр уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эрчимтэй явж байгаа бөгөөд, зарим асуудлыг прокурорт шилжүүлсэн байна хэмээсэн юм.