“Эрдэнэс метан” эрлийнхээ үр дүнг “Эрдэнэс Тавантолгой”-д хүлээлгэн өгөв
2020.02.21

“Эрдэнэс метан” эрлийнхээ үр дүнг “Эрдэнэс Тавантолгой”-д хүлээлгэн өгөв

“Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс метан” Австралийн “Жэйд метан”-тай хамтран Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метанн хийн эрлийг өнгөрсөн оны тавдугаар сараас хийж буй.

Тус компани өнгөрсөн онд 500-900 метр гүн бүхий найман цооног өрөмджээ. Улмаар эрлийн үр дүнгийн тайлангаа Ашигт малтмал, газрын тосны газрын техникийн зөвлөлөөр дүгнүүлсэн байна. Ингэснээр тус агентлагтай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг Засгийн газраас авах нөхцөл бүрдсэн аж. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсны дараа хайгуулын ажил албан ёсоор эхлэх гэнэ.

“Эрдэнэс метан” компани Тавантолгойн бүлэг ордын лицензийг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой”-той байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу найман цооногийн өрөмдлөгийн мэдээлэл, геологийн бичиглэл, геофизикийн хэмжилтийн өгөгдөл, бүх дээжид хийсэн нүүрсний чанарын шинжилгээний дүн зэргийг өнгөрсөн долоо хоногт хүлээлгэн өгчээ.

Уг мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” компани хайгуул болон олборлолтын үйл ажиллагаандаа ашиглах боломжтой аж. “Эрдэнэс метан” компанийн гүйцэтгэх захирал Д.Амар “Бид Тавантолгойн бүлэг ордын метан хийн хайгуул хийж эхлэх гэж байна. Үүнээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу нүүрсний давхаргын мэдээллийг бүртгэж, мэргэжлийн түвшинд бэлтгэн хүргүүллээ. Дараагийн шат болох бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар Засгийн газарт хандаад байна. Манай компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж буй төрийн өмчит анхны компани болно” гэжээ.