Манайхан 1072 хувьцааг айлд тавьсан хонь шигээ л ойлгоод байна даа
“Аварга малчин цолтой ойрын хамаатныдаа таван хонь тавьсан. Тэр айлын хотонд чоно ороод таван хонь унагаасан нь тавуулаа манайх байжээ” гэх онигоо ч гэмээр явдал бий.
Эмгэнэлтэй нь монголчуудын бие биедээ хүлээлгэдэг итгэлцлийн үнэн дүр төрх энэ л дээ. Яг энэ зангаараа компанийн хувьцаа гэдэг зүйлийг буруугаар ойлгон, тархиндаа буулгаад байх шиг. Хөрөнгийн зах зээл гадарладаг нэг хэсэг нь нийтлэг компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг зөрчиж ирснээс санхүүгийн сургамж авсан бол бүр мэдлэггүй хэд нь хувьцааг хамаатныдаа тавьсан хонь шиг л үзэх ойлголттой байна даа.
Монголчуудын арав гаруй жил сонссон болохоос нүдээрээ үзэж, гараараа тэмтэрч үзээгүй 1072 хувьцаа хэдхэн хоногийн өмнө “амь” орж, эздийнх нь дансанд бэлэн мөнгө орох шийдвэр тарав. Харин манайхан хэдэн юм имрэх сургаар сандралдах шинжтэй. Төө олон жилийн дараа айлд тавьсан ам цагаан хургаа үхсэн үү, өссөн үү гэдгийг сурагладаг шигээ л зан гаргацгааж эхлэв. Байгалийн баялгаас эзэмшсэн хувьцаагаа үнэт цаасны компаниудын хаалга татан сураглаж эхэлсэн бөгөөд олонх нь өнгөрсөн хугацаанд 1072 хувьцаатай гэдгээ мартаж хоцорч. “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмнөх удирдлагууд ч иргэдийг марттал нь 1072 хувьцааг үнэгүйдүүлж.
САЙН ХҮН БАРААДУУЛСАН ХОНЬ ТАРГАЛДГИЙН ЖИШГЭЭР 1072 ХУВЬЦААНААС Ч АХИУ НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ
Юуны өмнө та хувьцааг нь эзэмшсэн компанийнхаа эздийн нэг болсон гэдгээ ухаарах хэрэгтэй. Нэгэнт эзэн суусан учраас олсон ашгаас нь өөрт ногдох хувиа хүртэх хууль ёсны дархан эрхтэй гэдгийг ч нийтээрээ ойлгож авмаар байна. Энэ жишгийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани дахь 1072 ширхэг хувьцаа хэдийнэ та бидний нэр дээрх өмч болж бүртгэгдсэн. Та л зөвшөөрөхгүй бол хэнбэгуай нь ч зарж үрэх эрхгүй. УИХ, Засгийн газраас гарсан шийдвэрүүдийн дагуу хөрөнгийн зах зээлийг зохицуулдаг Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д 1072 хувьцааг албан ёсоор хадгалуулсан.
Энэ нь 1072 хувьцааг “амилуулах” үндсийг тавьсан юм. УИХ-аас 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү 1072 ширхгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг гаргасны дараа Засгийн газар дур мэдэн захиран зарцуулахгүй байх нөхцөлийг тогтоож өгсөн байдаг. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компаниас Монгол Улсын 2.4 сая иргэн тус бүр эзэмшиж буй 1072 ширхэг хувьцаа бол улсад данстай эд. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аварга нөөцтэй ордод эзэн суусан гэдгийг чинь гэрчилж буй үнэт цаас.
Тийм ч амар чононд алдаад туучихна гэж айж, сандрах шаардлагагүй гэж ойлгож болно. “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг хуваарилж байгаа нь малчин айл хонины чинь ноосыг самнаж, тушаагаад мөнгийг тань өгч буй хэлбэр. Гэвч бидний олонх нь хувьцааны ногдол ашгаар дамжуулан бэлэн мөнгө гар дээрээ тавьж үзээгүй учраас гэнэтийн ийм шийдвэрт цочирдох нь аргагүй л дээ. Тэгвэл одоо цочирдох хэрэггүй. Багаар бодоход л 60-80 жилийн нөөцтэй Тавантолгойн орд цаашид ч ногдол ашиг өгсөөр байх болно. Энэ баялгаа үр хүүхдэдээ гэрээслэх боломжтой. Өнгөрсөн хугацаанд 1072 хувьцаа эзэмшигч иргэн нас барсан бол гэр бүлийн гишүүд нь гэрчлэх бичиг баримтаа бүрдүүлээд өргөдөл гаргаад авчихна.
Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа хуваарилагдсанаас хойш буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдэд 1072 хувьцаа нөхөж эзэмшүүлэх эсэхийг Засгийн газраас шийдвэрлэх хүлээлттэй байгаа юм. Ирээдүйд “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн хугацааны амжилтаа давтаж, гадаад дотоодын элдэв нөлөөлөлгүй компанийн засаглалын зарчмаар ажиллаж чадсан тохиолдол энэ баялаг улам арвижиж, 1072 хувьцаанаас хүртэх ногдол ашиг бүр илүү өснө. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компанийн одоогийн удирдлага шиг ажиллаж чадах хүмүүсээс 1072 хувьцааны ирээдүйн үнэ цэн шалтгаална гэсэн үг. Сайн хүн бараадуулсан хонь таргалах нь гарцаагүй.
ОЛОН НИЙТИЙН ӨМЧИД ХОТТОЙ ХОНИНД ОРСОН “ЧОНО” ШИГ ХАНДДАГ БАЙДАЛ ҮЕЭ ӨНГӨРӨӨЖЭЭ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хөгжлийн зам ногдол ашиг тараатлаа дардан байгаагүй нь мэдээж. Өнгөрсөн хугацаанд хоттой хонинд орсон “чоно” шиг хандсан удирдлагуудтай ч байж үзсэн. Улсдаа өгөөжөө өгөх нь битгий хэл өрөндөө баригдаж байсан үе саяхных л даа. Ногдол ашиг хуваарилах нь байтугай стратегийн орд хариуцуулсан үндэсний компани бүхэлдээ үнэгүйдсэн. Үндсэндээ 2012-2016 онд алдагдалтай ажилласан тус компани 2017 оноос хойш санхүүгийн хувьд цэвэршсэн.
Өнөөдөр нэг ч өр төлбөргүй болж, ногдол ашиг тараах хүртлээ бэхэжсэн байна. Санхүүгийн үзүүлэлт талаас нь харвал, өнгөрсөн 2019 онд тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон Монголын анхны компани болж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ ашгийнхаа тавны нэг хүрэхгүйг буюу 195.99 тэрбум төгрөгийг 2.4 сая иргэнд хуваан олгохоор болсон юм. Ер нь хөрөнгийн зах зээл дээр идэвхтэй оролцогчдын хувьд компани ашигтай ажиллаж байвал, ногдол ашиг хүртэх явдал байдаг л зүйл.
Одоогоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 200 орчим компанийн ердөө 25 нь өнгөрсөн оныхоо цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилна гэдгээ зарлаад байгаа. Голдуу гүйцэтгэх удирдлага сайн ажилласан буюу хүний өмчийг хайрлан өсгөж үржүүлсэн компаниуд л хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг болохыг үүнээс харж болно. Малчин сайн учраас хонины жинхэнэ эзэд үр өгөөжийг нь хүртэж буйн сонгодог жишээ бол тэд. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компани шиг олон сая хувьцаа эзэмшигчтэй, үндэсний эрх ашгийн төлөө ажилладаг компанийн хувьд энэ үүргээ биелүүлэхээс өөр сонголт үгүй.