Ж.Ганбаатар: Бид залуустаа итгэж, тэднийг бодитой дэмжих хэрэгтэй
2020.03.23

Ж.Ганбаатар: Бид залуустаа итгэж, тэднийг бодитой дэмжих хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сонин цувралаар хүргэж байна.

Тойргийнхоо залууст чиглэсэн ямар ажил амжуулав?

-УИХ-ын гишүүний хувьд “Шинэ үе Баянгол” ТББ-ыг дэмжиж ажиллаж байгаа. Энэ байгууллага надад дүүргээс сонгогдсон гишүүний хувьд үйл ажиллагааг маань дэмжиж ажиллаач гэж хүсэлт тавьсан учраас нэлээд ойр хамтран ажиллаж байна. Цаашдын үйл ажиллагааг нь дэмжиж 2019 онд хувиасаа 100 сая төгрөг хандивласан.

Энэ байгууллагын гишүүд нь 22-27 насны оюутнууд хамрагддаг, тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Үйл ажиллагааны чиглэл нь юу вэ? Баянгол дүүргээ хөгжүүлэх, эдийн засгийн хувьд бие даасан дүүрэг болох, ногоон байгууламж бүхий хүн амьдрахад таатай дүүрэг болгох хүсэлтэй залуус нэгдэж ажилладаг юм билээ. Ямар нэгэн намаас хамааралтай бус гэсэн үг.

Энэ байгууллага дээр түшиглээд IT чиглэлийн гарааны бизнесүүдийг хөгжүүлэх боломж байгаа юу?

-Байлгүй яахав. Сонгогдсоноосоо хойш хүүхэд залуусын дунд шилдэг бизнес төсөл шалгаруулалтыг санаачилгаараа зарлаж байгаа. Анх энэ шалгаруулалтад манай тойргийн гурав, дөрөвхөн хорооны залуус оролцдог байсан бол одоо Баянгол дүүргийн бүхий л залуус оролцох болсон. Шагналын сан нь 100 сая төгрөг, шалгаруулалт нь Төрийн ордонд болдог томоохон арга хэмжээ болон өргөжсөн. Судалгаанаас харахад Баянгол дүүргийн хэмжээнд нэг жилд дунджаар 3000-4000 хүүхэд сургууль төгсдөгөөс 80 хувь нь оролцдог болсон байна. Эхэндээ бид гуравхан байр шалгаруулдаг байсан бол уралдаанд оролцсон эхний 60 хүүхдэд шагнал өгдөг болсон. Хүүхдүүдийн сонгож буй төслийн сэдэв нь их өргөн хүрээг хамардаг. Хамгийн сүүлд 2019 онд “Шилдэг бизнес” төсөл шалгаруулахад 3500 гаруй хүүхэд оролцсон байна. Миний үеийнхнээс хамаагүй өөр сэтгэдэг болжээ. Манай үеийнхэн худалдаа наймаа гэсэн сэдэв л барьдаг бол орчин цагийн залуус биднээс өөрийг сэтгэж байна. Зүгээр л нэг жишээ дурдахад НӨАТ-ын баримт шивдэг бизнес санаа орж ирсэн. Тэр их баримтыг шивэх завтай ч хүн байна, завгүй ч хүн байна. Иргэдийн цагийг хэмнэсэн их шинэлэг бизнес санаа. Бас шивэлгүй хаясан баримтуудыг шивээд хөөрхөн хөрөнгө босгож болох санаа.

Уралдаант шалгаруулалтын гол зорилго нь юу юм бэ?

-Өнөөдөр хүүхдүүд гар утаснаасаа хүмүүсийн зураг харж, видео үзэж цагийг дэмий өнгөрөөж байгаа шүү дээ. Энэ цаг үед хүүхэд залуусыг бизнес төсөл бичиж цагийг бүтээлчээр өнгөрүүлээсэй, төсөл бичих дөртэй болоосой гэж бодож л энэ уралдааныг санаачилсан. Арван хуудас төсөл бичихэд наад зах нь 2-3 өдөр зарцуулна шүү дээ. Уралдаанд шалгарсан ч, шалгараагүй ч хүүхдүүдэд үлдэх өгөөж нь л чухал юм. Манай уралдаанд оролцсон хүүхдүүд гаднын их сургуулийн тэтгэлэгт хамрагдахад түлхэц үзүүлсэн гэж талархлын үг хэлж байсан удаатай. Гадныхан хүнийг сурлагаар нь бус, хүн гэдэг утгаар нь хардаг. Миний хувьд ирээдүй хойч үе маань улстөрчдийг хардаггүй, таньдаггүй өөрөө өөрийгөө авч явдаг болоосой гэж л боддог. Хэн Ерөнхийлөгч, хэн гишүүн болохоос үл хамаарсан нийгэм байгаасай л гэж бодож явдаг юм. Даргаас хамаарсан энэ тогооноос залуу үеэ гаргахгүй бол энэ нийгэм цаашдаа явахгүй.

Шилдэг бизнес төсөл шалгаруулалтад манай тойргийн гурав, дөрөвхөн хорооны залуус оролцдог байсан бол одоо Баянгол дүүргийн залуус өргөнөөр оролцох болсон

Түрүүнд “Шинэ үе Баянгол” ТББ-ын нээлтэд оролцсон гэж онцолсон...?

-Баянгол дүүргийн харьяалалтай 3200 залуу цуглаад намайг нээлтдээ урьсан юм. Тэдний урилгыг хүлээн авч, нээлтэд нь оролцсон. Үнэхээр сэтгэл хөдөлсөн л дөө. Цугласан залуусаас ирээдүйн гэрэл гэгээ, эрч хүчийг мэдэрсэн. Бид залуустаа итгэж, тэдэнд тус дэм болох ёстой. Тэднийг бодитой дэмжих хэрэгтэй.

Үлдсэн хагас жилийн хугацаанд юу хийхээр төлөвлөж байна?

-Сонгуулийн тухай хууль энэ жилээс эхлэн өөрчлөгдөж байгаа. Хуулиараа хийж хэрэгжүүлэх ажил хязгаарлагдмал болж байгаа. Би шат, шатны сонгуульд 4-5 удаа оролцож байна. Хуулиа ягштал баримталж, үлгэр жишээ болохыг хичээдэг хүний хувьд хуулиа ягштал мөрдөх учиртай. Өнгөрсөн хугацаанд гишүүнийхээ хувьд хийсэн ажлуудын тайлан, санаачилсан хуулийн талаар сонгогчдодоо дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.