С.Чинзориг: 200 мянган төгрөгийг ажилтанд олгох уу, ажил олгогчоор дамжуулж олгох уу гэдгийг шийдээгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан юм.
Уг хөтөлбөр батлагдсанаар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжих бөгөөд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас татвараас чөлөөлөх, мөн иргэн, аж ахуйн нэгжийг Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх, 2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид 200 мянган төгрөг олгох зэрэг арга хэмжээ хэрэгжих боломжтой болж байна гэсэн үг. Түүнчлэн хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд нэмж олгох юм.
Хэлэлцүүлгийн явцад Хөдөлмөр нийгмийн хамгаалллын сайд С.Чинзориг дээрх хөнгөлөлт, чөлөөлөлтөд ямар иргэд хамрагдах талаар мэдээлэл өгсөн. Тэрээр "Тогтоолын төсөлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажил олгогчийн болоод ажилтны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх асуудлыг тусгасан. Нийтдээ 45 мянган ажил олгогч, хувийг хэвшилд ажиллаж байгаа 572 мянган хүн энэ хөнгөлөлтөд хамаарахаар тооцсон. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэн, сайн дурын даатгалд хамрагддаг 186 мянган иргэн хамрагдана.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд нийтдээ 800 гаруй мянган иргэнийг хамруулж, энэхүү арга хэмжээнд 800 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Монгол Улсын хэмжээнд 1.1 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний 800 мянгыг энэ хөнгөлөлтөд хамруулснаар нийт ажиллагсдын 75 орчим хувь нь хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахаар байгаа юм. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гурван сарын хугацаанд 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон.
Улсын онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, доголдсон аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдад гурван сарын хугацаатай сар тутам 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг өгөхөөр тусгасан. Энэ нь үйл ажиллагаа нь доголдож байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих, тэдгээр аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байраа цомхотгохгүй байх нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байгаа бөгөөд уг мөнгийг ажилтанд олгох уу, ажил олгогчоор дамжуулж олгох уу гэдгийг Ажлын хэсгийн түвшинд ярилцан шийдвэрлэнэ" гэв.