Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
“Шинэ коронавирусын тархалтын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг бусад холбогдох материалын хамт хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх энэхүү үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр жагсаалт гаргаад байна. Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААНБ-ын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд даатгуулагч МУ-ын иргэний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно.
Эсвэл өөрийн хүсэл санаачилгаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж болно. Сайн дурын даатгуулагчийг хамруулна. Өөрөөс үл шалтгаалан үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн даатгуулагч МУ-ын иргэнд 2020 оны 04 дүгээр сарын нэгнээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн дэмжлэг олгоно зэрэг багтаж байна. Уг тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-ын даргад өргөн мэдүүлж, хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ.
Түүнчлэн,
- Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ хийсэн тайлантай Засгийн газрын гишүүд танилцав. Нийт 19 байгууллагын 54 төсвийн ерөнхийлөн захирагч тайлан ирүүлэхээс 47 нь ирүүлсэн байна. Эдгээр байгууллагууд Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 3,1 их наяд төгрөгийн бараа ажил үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж 2,6 их наяд төгрөгөөр гэрээ байгуулж ажилласан байна.
- Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Грек улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Ингэснээр дипломат болон албан/сервис паспорттай иргэд 180 хоногийн дотор 90 хүртэлх хоногийн хугацаанд хоёр улсын нутаг дэвсгэрт харилцан визгүй зорчих юм. Мөн манай улсын иргэд Шенгений бүсийн 14 улсад визгүй зорчих нөхцөл бүрдэх юм.
- “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК –ийн ОХУ-ын "Интер РАО ЕЭС" худалдан авсан цахилгаан эрчим хүчний 2019 оны үлдэгдэл өр төлбөрт 3,2 тэрбум төгрөг, 2020 оны 01 дүгээр улирлын урьдчилгаа төлбөр болох 800 сая төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
- “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. Төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассиоцациас хийх бөгөөд нийт 41.0 сая ам.долларын хөөнгөлөлттэй зээл олгоно. ДЦС-3-ын үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчнийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, 3г магистралыг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын төөлөвлөлтийн байршлууд руу дулааны шугамууд татах ажлыг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
- Жендэрийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүн, Удирдлагын академийн захирал, МҮОНРТ-ийн ерөнхий захиралыг тус тус гишүүнээр нэмж оруулахаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.