Арктикийг тойрсон АНУ, ОХУ-ын улстөрийн зөрчилдөөн улам нэмэгдсээр
2011.07.19

Арктикийг тойрсон АНУ, ОХУ-ын улстөрийн зөрчилдөөн улам нэмэгдсээр

Гренландын нийслэл Нуук хотод Арктикийн зөвлөлийн 7 дахь уулзалт боллоо. Уг нь жирийн, ээлжит нэгэн уулзалт болох төлөвтэй байсан энэ хуралдаан дээр гол анхаарлаа эрэл хайгуул, аврах ажиллагааны шинэ хэлэлцээр бичих, мөн тэргүүлэгчийн үүргийг Шведэд дамжуулахад хандуулах ёстой байлаа.

Гэвч Гренландын Нуукийн уур амьсгал эрс өөрчлөгдсөний шалтгаан нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Дотоод хэргийн сайд Кен Салазарын зэрэг хүнд жингийн улстөрийнхний довтолгоо. Ер нь хатагтай Клинтоны түвшний улстөрч анх удаа иймэрхүү форумд айлчлан ирсэн байна. Тэдний мессэж ойлгомжтой. АНУ өөрийгөө хойд туйлын талаарх маргаан санал шүүмжлэлийн төв болгохыг хүсч байгаа. Учир нь умард нутгийн нефть, байгалийн хийн олборлолтын төлөөх “алтны халуурал” яг эхлэх гэж байгаа шүү дээ. АНУ өөрийн уламжлалын дагуу зөөлөн дипломатын арга хэрэглэнгээ цаанаа илүү хатуу байр суурийг баримталж байгаа. Хэдэн долоо хоногийн өмнө атомын усан доогуур шумбагч субмаринаа Аляск дахь Прудо Бей-гээс хойд хэсэгт 150 милийн зайд эргүүл хийлгэхээр илгээсэн нь үүний нотолгоо.

Үүний зэрэгцээ найман орны зөвлөлд багтдаг ОХУ нь Хятад зэрэг улс орнуудыг ажиглагчийн үүрэгтэй оролцох гэсэн ямар ч санааг шууд няцаах нь ойлгомжтой. Гэхдээ АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний дээрх алхам нь бусад орнуудын алхмын эсрэг хийж байгаа хариу үйлдэл юм, ОХУ энэ бүс нутагт пуужингийн туршилтуудаа нэмэгдүүлж, тэрчлэн Норвег улс цэргийн гол баазаа умард туйл руу шилжүүлсэн билээ. Үүний зэрэгцээ Хятад улс гар утас болон өндөр технологийн бусад техник хийхэд нэн шаардлагатай ховор металлаар баялаг Гренландыг “бүслэлтэд” авч байгаа. Ер нь аль улс юу эзэмшдэг, хэнд нь юу хамаарагддаг тухай нэгдсэн хэлэлцээр байхгүй учраас Арктикийн төлөөх өрсөлдөөн улам гүнзгийрсээр байна.


Олон улс НҮБ-д газар эзэмших хүсэлтээ гаргаад байгаа. Тэд энэ байгууллагын далай тэнгисийн эрхийн талаарх олон улсын Конвенцийн хүрээнд ажиллаж байгаа нь тэр. Гэтэл энэ баримтад АНУ одоо хүртэл гарын үсэг зураагүй нь сэжигтэй. АНУ их түгшиж байгаа. Үүний шалтгаан нь ОХУ.ОХУ-ын туйлын шинжээч Артур Чилингаров 2007 онд Арктикийн далайн гүнд улсынхаа далбааг хатгахад АНУ, Канад болон бусад орон ихэд түгшиж эхэлсэн. А.Чилингарав “Миний зорилго бол Арктикийг Оросод хамаарагддагийг батлах. Умард туйл бол Оросын газар нутгийн үргэлжлэл гэдгийг бид батлах ёстой” гэж мэдэгдсэн. Канад улс үүнийг Оросын өдөөн хатгалга гэж үзэж, дургүйцэж байгаагаа илэрхийлсэн. Харин Москва эхлээд Канадын дургүйцлийн хариуд “Энэ бол Оросын эрдэмтний жүжиг, хувийн компаниудын хөлсөлсөн хүн” гэж байсан. Гэвч дараа жил нь Чилингарав ОХУ-ын парламентын гишүүн болж, Баатрын одонгоор шагнагдсан билээ.

Арктикт дэлхийн шинэ хүйтэн дайн үүсэх магадлалтай байна. Канадын профессор Роб Хуберт саяхан улсынхаа Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яаманд зориулсан илтгэлдээ “Зэвсгээр хөөцөлдөх явдал дахиад дэгдэх нь” гэж сэрэмжлүүлсэн. Тэрбээр “ОХУ-ын Ерөнхий сайд Путин Арктикт энхийн бүс байгуулах шаардлагатай талаар ярьсан ч алхам үйлдэл нь эсрэг байна. Олон нийтэд хандан Арктикт энх тайван, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар улс орнууд өгүүлж байх энэ хооронд бүс нутгийн стратегийн үнэ цэнэ улам нэмэгдсээр. Энэ үнэ цэнэ өсөхийн хэрээр улс орон бүр бүс нутгийг өөрсдийн үндэсний ашиг сонирхолтой холбон авч үзэх боллоо. Арктикийн орнууд ч мөн хамтын ажиллагааны талаар ярьсаар байгаа ч цаанаа цэрэг, дайны зөрчилд бэлдэж байна” гэж онцлон тэмдэглэв. Энэ үеэр НАТО-гийн Ерөнхий командлагч, адмирал Жеймс Ставридис Европ дахь холбоотнуудын хамт Их Британийн батлан хамгаалах судалгааны талаарх баримтдаа “Одоогоор умард туйлын талаарх маргаан энхийн шинжтэй байгаа. Гэвч цаг уурын өөрчлөлтөөс үүдэн ойрын жилүүдэд байгалийн баялаг, нөөцийг ашиглаж болох хэмжээнд хүрнэ. Иймээс Арктикийн төлөөх тулааны тэнцвэрт байдал өөрчлөгдөж болох юм” хэмээжээ. Ставридисийн үзэж буйгаар эргийн дагуух эргүүл хамгаалалт нь бүс нутгийн олон улсын харилцааг зохицуулахад чухал үүрэгтэй аж. “Гэхдээ мэргэжилтнүүдийн арилжааны болон бусад ашиг сонирхлыг дэмжих байдлаар ажиллах нь бие биетэйгээ давхацсан ашиг сонирхол, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй хэтийн үр дагавар нь Арктикийг хамтын ажиллагааны бүс болгох магадлалтай. Өрсөлдөөн тэр тусмаа цэргийн зөрчилдөөнд хүргэхгүйн тулд өнөөдрийн энхийн лидерүүд үр дүнтэй ажиллаж, хүчин чармайлтаа нэг мөр болгож нийцүүлэх ёстой” хэмээн адмирал Жеймс Ставридис зөвлөв.Норвег улс умард туйлд Рейтан уулан дотор орчин үеийн шинэ төв нээхийн зэрэгцээ асар их мөнгийг зэвсэглэлд зарцуулж байгаа. Багаар бодоход таван ширхэг орчин үеийн шинэ фрегат хөлөг худалдан авчээ. Хөлгийн ангиллаа туйлын алдарт судлаач Фритьоф Нансений нэрээр нэрлэсэн нь энэ улсын флот тэдгээр хөлгөө хаана байрлуулахаар зэхэж байгааг харуулж байна. Үүний зэрэгцээ Канадын Гадаад хэргийн сайд асан Лоуренс Кеннон “Манай улс туйлын газар нутгийг өөрийн болгож чадна. Бид Арктикт өөрийн тусгаар тогтнолыг тогтооно” гэж мэдэгдсэн. Харин зарим өөдрөг үзэлтэн “Аюулыг хэтрүүлж байна, эерэг өөрчлөлт олон бий.


Жишээлбэл Баренцын тэнгисийн хилийг хуваах Орос ба Норвегийн тохиролцоо” гэж тэмдэглэв. Нэрээ нууцалсан Гадаад харилцааны нэгэн сайд “Guardian”-д мэдэгдэхдээ “Бид өөрсдийгөө тайвшруулахгүй байх ёстой. Гэхдээ энэ бүх сөрөг ярианаас сэрэмжлэх хэрэгтэй. Арктик бол энх амгалангийн нутаг байх ёстой. Энэ бол бослого хийх газар биш, харин бага хүчдэлийн муж” гэжээ. Харин Скоттын нэрэмжит туйлын судалгааны хүрээлэнгийн Пол Беркман “Асуудлууд байгааг үгүйсгэх хэрэггүй. Яагаад иймэрхүү түгшүүртэй сэдвээр нийтлэл бичээд байгааг ухаарах хэрэгтэй. Яагаад гэвэл хүйтэн дайны үеэс заримд нь дуусаагүй ажил хэрэг байгаа юм болов уу” гэж байна. Энэ асуудлын эргэн тойрон дох хөл үймээнийг үл харгалзан тэрбээр “Хамтын ажиллагааг бэхжүүлж, цэрэг дайны зөрчлөөс сэргийлэхийн тулд талууд зохих арга хэмжээг авах ёстой. Өөрсдийгөө тайвшруулах хэрэггүй, одоогоор шөргөлдөөн бага байгаа дээр улстөр, эдийн засаг, соёлын тогтворгүй байдалд анхаарал тавих ёстой. Эдгээр нь Умард мөсөн далайн экологийн байдал өөрчлөгдөх үр дагавар болж магадгүй” гэжээ.
Туйл орчмын инуитуудын зөвлөлд багтдаг Уугуул иргэдийн форумын тэргүүлэгч асан Аккалук Линге “Өнөөгийн үйл явдлууд сэтгэл ихэд түгшээж байна. Цэргийн хүчин чадал болон мегафон дипломатын нөлөө ихэссээр байна. Гэтэл бид хүйтэн дайны үед эргэн очих хүсэлгүй байгаа” гэж мэдэгдлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.