УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ.
О.Саранчулуун гишүүний асуултад, Гэр бүл, хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараах хариултыг өглөө.
Манай яамны хувьд 2025 оны батлагдсан төсвийн урсгал зардал 4,4 их наяд төгрөг. Үүнээс 32,6 тэрбум төгрөг хасагдсан нийт зардлын 0,7% болж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын төсвөөс 5,7 тэрбум төгрөг хасагдсанаас орон тоо 9%-аар буурууллаа гэж тооцоход 1,1 тэрбум төгрөгийн зардал хасагдаж байгаа юм. Гишүүд санаа зовоод хэлж байна. Нийтдээ улсын хэмжээнд 14400 ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг хасчих болов уу гэж байна. Жишээлбэл манай салбар дээр 541 хүний ажлын байр цомхотголд орж байгаа. Гэтэл үүнээс 420 сул орон тоо байж байгаа. Мөн энэ ондоо тэтгэвэрт гарах мэдэгдлээ өгчихсөн 120 гаруй хүн. Ингээд үндсэндээ 541 хүнийхээ тоог барьчихаж байна гэсэн үг. Тийм учраас эдгээр хүмүүсийн урсгал зардал, цалин, шимтгэл гээд тодорхой хэмжээнд зардлууд буурч орж ирж байгаа. Үүнтэй адилхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлагаас яг 9%-аар бодоход сул орон тоог тооцож үзэхэд 1,1 тэрбум төгрөг хасагдчихаж байгаа юм. Хасагдсан зардлууд бол зүй ёсны хасагдах ёстой зардлууд. Их засварыг бол энэ тодотгол дээр энэ удаа тэвчье ээ гэсэн. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг дээр энэ мөнгө маань хасагдаж орж ирж байгаа. Та сая хэллээ. Аймаг дээр 1,3 тэрбум гэж. Хараагүйчүүдийн үйлдвэрийн их засвар саяын 1,3 тэрбум төгрөгт ороод явчхаж байгаа юм. Мөн энэ хэмнэлтийн хуулийн 13.1.1-тэй холбоотой тендер нь зарлагдаагүй амжаагүй байсан хөрөнгө оруулалт татагдаж байгаа. Энэ нь 871,4 сая төгрөг. Таны сая асуусан асуулт дотор. Үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ агентлагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил бусад янз бүрийн юманд зориулсан төсвөөс бодитойгоор хасагдаагүй. Орон тооны хэмнэлт мөн тендер нь зарлагдаж амжаагүй хэмнэлтийн хуулийн дагуу зарим зүйлүүд хасагдсан байгаа учраас Саранчулуун гишүүн санаа зовох зүйл бол байхгүй. Агентлагийнхантай би уулзсан. Мөн Сангийн яамныхантай манай яамныхан очиж ажилласан.