Д.Сумъяабазар: ААН-үүдийн цагийг уртасгах тал дээр ажиллана. Халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж байгааг нь дэмжинэ
2021.05.20

Д.Сумъяабазар: ААН-үүдийн цагийг уртасгах тал дээр ажиллана. Халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж байгааг нь дэмжинэ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Цар тахлын тархалтын явц 1,000 гараад үнэхээр сэтгэл түгшээсэн. 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хөл хориог бүхэлд нь тавьсан. Ингэхдээ бид бизнесээ дэмжье, бизнес эрхлэгчдэдээ янз бүрийн торгууль, шийтгэл оногдуулахгүй байх, зөвлөн тусалж, иргэд дүрэм журмынхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй гэсэн зарчмыг барьсан.

Би иргэд, аж ахуйн нэгжүүддээ гүн итгэсэн. Харамсалтай нь зарим нэг ААН итгэлийг хөсөрдүүлсэн. Иргэдийг олноор бөөгнөрүүлж, бидний боловсруулсан журамд дэндүү хэнэггүй хандлаа. Хоёр, гурван газраар орсон. "Blue Sky", "Shangri-La" болон захын гэр хорооллуудаар орж үзлээ.

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САЙН МӨРДӨЖ БАЙГАА ААН-ҮҮДЭЭ ДЭМЖИНЭ

Хүний бөөгнөрөл, хөл хорио, дэглэм барьж байгаа зүйл байхгүй байна. Хариуцлагын асуудал заавал байх ёстой юм байна гэж бодсон. ААН-үүд халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй бол хариуцлага тооцохоос өөр ямар ч хөшүүрэг байж болохгүй юм байна. Хоёрдугаар сарын 23-наас дараагийн хөл хорио тогтоотол хотын даргын хувьд бизнесээ дэмжье гэж Ерөнхий сайдад хүсэлтээ хүргүүлсэн.

Энэ хүрээнд ажиллуулсан ч талын нэг тарж, хүний амь нас эрсдэж эхэлсэн. Мэргэжлийн байгууллагын үгийг бид сонсох ёстой. 20:00, 22:00 цагийн хооронд огт ялгаа байхгүй. Зургаадугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотын хэмжээнд вакцины хоёрдугаар тунг хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Иргэд вакцинжуулалтад өргөнөөр оролцож, идэвхтэй хамрагдаж байгаа учраас дараагийн үйл ажиллагааг цэгцлэх, цагийг нь уртасгах тал дээр ажиллана. Халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж байгаа ААН-үүдээ дэмжинэ" гэлээ.