С.Бямбацогт: Иргэддээ итгэж, хүнээ хамгаалсан хуулиудыг хийх ёстой
2021.10.15

С.Бямбацогт: Иргэддээ итгэж, хүнээ хамгаалсан хуулиудыг хийх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  өнөөдөр /2021.10.15/ “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд болж байна.

Чуулганаар дээрх байгууллагуудын бие даасан, хараат бус байдалд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг судалж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө шударга, хараат бус шүүх, прокурорын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдэл, арга хэмжээг тодорхойлох юм.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн үгнээс дараах зүйлсийг ишлэн онцолж байна. 

  • Бүхэлдээ шүүх эрх мэдлийн салбарт хүний эрх, шударга ёсны хувьсгал хийх ёстой гэж байгаа, хариуцлагыг өндөржүүлэх ёстой гэж байгаа Монгол улсын төрийн тэргүүн, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, мөн шүүхийн дээд байгууллага цугаараа энэ зарчмын төлөө зорьж шинэтгэлүүд хийж байгаа цаг үед энэхүү чуулган болж байна. Өөрөөр хэлбэл бүхэлдээ бид нэг зүгт харж байна.
  • Хууль өөрөө шударга байх ёстой. Шударга ёсыг тогтоодог байх ёстой. Бид шударга ёсны төлөө нэг зүгт харж байна.
  • Шударга ёс гэдэг зүйл зүгээр нэг улс төрчдийн уриа биш. Хуулийн хоосон тунхаг биш ээ. Хууль жинхэнэ утгаараа хүн бүрийн амьдралд алагчлалгүй үйлчилдэг байх ёстой гэдгийн төлөө бид нэг зүгт харж байна. Энэ бол бидний хамгийн том давуу тал. Цугаараа нэг зүгт хараад бодлого шийдэл байгаа цагт энэ амилна. Би үүнд итгэдэг. Би бас үүний төлөө зорьж, ажилласаар ирсэн.
  • Миний бие нэгэн үе Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа эрх зүйн системчлэлийн хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль гэхчлэн хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох голлох хуулиудыг санаачлан Улсын Их Хурлаар батлуулж чадсандаа баяртай байдаг.
  • 2016-2020 оны Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хийсэн хууль сахиулах байгууллагуудын хууль эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлийн бодлого нь бүхэлдээ хүний эрхийг хангах, хамгаалахад чиглэгдэж байсан. Тэгвэл энэ Улсын Их Хурал уг асуудлыг улам төгөлдөршүүлж, шинэчлэлийг гүнзгийрүүлж, дутууг нь гүйцээхийг зорьж байна.
  • Хуулийг хуулийн байгууллагынханы захиалга, тэдний нүдээр биш, хүний эрхийн нүдээр харж, хүний эрхийг хамгийн түрүүнд тавьж хийх учиртай гэдгийг хэлж байгаа.
  • Тийм учраас бид иргэддээ итгэж, хүнээ хамгаалсан хуулиудыг хийх ёстой. Манай хуулийн байгууллагынханд маш том нэг гэм бий. Тэр нь юу гээч. Хаалттай байдал. Нууцлаг, битүү, оньсого шиг. Ийм хаалттай байдлаар цааш явах боломжгүй болсоон. Цаг үе өөрчлөгдөж байна. Нийгэм өөрчлөгдөж байна. Шинэ үе сэрж байна.  
  • Сүүлийн жилүүдэд шүүхэд итгэх иргэдийн итгэл суларсан талаар хөндлөнгийн хараат бус байгууллагуудын судалгаа гарах болсон.
  • Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулдаг, эргэлзээ төрүүлдэг зүйл бол шүүхийн үйл ажиллагаа ил тод бус, далд явж ирсэнээс үүдэлтэй.
  • Шүүхийн хуулинд шүүх хуралдаанууд олон нийтэд нээлттэй цацагдаж байх тухай, шийдвэрээ заавал олон нийтэд танилцуулдаг байх тухай, шийдвэртээ заавал үндэслэлээ бичдэг байх тухай процессуудыг нэгбүрчлэн хийж өгсөөн.
  • Өөрөөр хэлбэл шүүгчийн сонгон шалгаруулалтын асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө зохион байгуулах, шалгалтад орсон хүмүүсийг онооны дарааллаар эрэмбэлэн олон нийтэд ил тод мэдээлэх, хамгийн өндөр оноо авсан хүнийг шүүгчээр санал болгох зохицуулалтыг илүү тодорхой болгож хуульчиллаа. Түүнчлэн шүүгчид нэр дэвшигчээс хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт авдаг байхаар хуульчиллаа.
  • Урд өмнө нь шүүгч сахилгын зөрчил гаргасан хэдий ч шүүгчид нэгнийгээ хаацайлан өнгөрдөг, эсхүл сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон хэдий ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэдэг явдал цөөнгүй гарч байсан. Үүнээс үүдэн шүүхийн нэр хүнд унах, шүүхэд итгэх иргэдийн итгэл буурах хандлага газар авсан. Харин шинэчлэн баталсан Шүүхийн хуулиар шүүгчийн сахилгын зөрчлийг тодорхой зааж, шүүгч сахилгын зөрчил гаргасан бол хариуцлага зайлшгүй байх зохицуулалтыг оруулсан төдийгүй гаргасан сахилгын зөрчлөөс нь шалтгаалан хөөн хэлэлцэх хугацааг 5 жил хүртэл байхаар хуульчилсан.
  • Шүүхийн хуулийн бас нэгэн зарчмын өөрчлөлт бол шүүхийн дотоод ардчиллыг бий болгох явдал байсан. Тодруулбал, тухайн шүүхийн ерөнхий шүүгчээр шүүгчид дотроосоо хүлээн зөвшөөрөгдсөн хүнээ сонгодог, тухайн шүүхийн гол асуудлуудаа хамтаараа хэлэлцэн шийдвэрлэдэг эрх зүйн орчинг бүрдүүллээ.
  • Өнгөрсөн хугацаанд хууль хэрэгжүүлэх явцад гарсан ололт, амжилтыг бататгахын сацуу гарч байгаа зөрчил, хийдлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн батална.
  • Улсын Их Хурал хууль батлаад орхих биш баталсан хуулийнхаа хэрэгжилтийг нэгбүрчлэн бүрэн хянадаг, шаарддаг болсон цагт хууль тогтоох эрх мэдэл бүрэн утгаараа хэрэгжинэ.
  • Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл нь төрийн жинхэнэ , төрийн захиргааны болон төрийн тусгай/ албан хаагчдад хариуцлага хүлээлгэх тогтолцоонд үйлчилж байгаа ч улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл тодорхой бус байна. Иймд улс төрийн албан тушаалтанд хамаарах сонгогддог болон томилогддог төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байна. Тиймээс Төрийн албаны ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцэхээр төлөвлөн ажиллаж байна.
  • Бид Үндсэн хуулиндаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж бичсэн хэдий ч амьдрал дээр энэ заалт алаг цоог хэрэгжиж ирсэнийг хүлээн зөвшөөрөх ёстой.
  • Аливаа нийгэмд иргэдийн хамгийн сүүлд итгэл тээн очдог газар нь шүүх. Гэтэл иргэдийн итгэлийн эцсийн тулах цэг болсон шударга шүүх байхгүй бол нийгэмд тогтворгүй, эмх замбараагүй байдал л бий болно.
  • Хуулийн хонгилыг нурааж, шүүх эрх мэдэл, түүнд оролцогчдын эрх зүйн орчныг эрүүлжүүлэн шинэтгэх ажил цаашид ч үргэлжлэн хийгдэх болно.
  • Хүний нэр төр, алдар хүндэд сөргөөр нөлөөлөх хуурамч мэдээллийг цахим орчинд тараах бусармаг үйлдэл гарсаар байна.
  • Шүүхээс гэм буруутайг нь тогтоох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй талаарх хүний эрхийн суурь зарчим зөрчигдөж байгааг бид таслан зогсоох ёстой.
  • Шүүх эрх мэдэлд, хууль сахиулагчдад эрх мэдэлтэн, албан тушаалтан хөндлөнгөөс нөлөөлдөг байдлыг бүрэн арилгаж буй нь бидний эхлүүлсэн ажлын эцсийн зорилго. Энэ зорилгодоо эрх зүйн бүтэн шинэтгэлээр хүрч чадна. Энэ шинэтгэлийг хийхдээ шүүгчид хуулиас өөр дарга байх ёсгүй гэсэн үзэл баримтлалыг тугаа болгосон гэдгийг онцлох байна.
  • Хуулийн хонгилыг бид шүүх эрх мэдлийн эрх зүйн шинэтгэлээр нурааж чадсан. Өнөө болон хойшид дахин ийм хонгил байгуулах боломж сиймхийг хэнбугайд ч хуулиар олгож болохгүй ээ.