Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөх, хэлэлцэх асуудлыг хэлэлцэв.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулсан юм.
Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статустай хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг 1969 онд, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг 1997 онд тус тус соёрхон баталсан билээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын дагуу зохион байгуулагдсан 2017 оны долоодугаар сарын 07-ны өдрийн Бага хурлын үр дүнд Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний төслийг гишүүн улсууд баталжээ. Уг гэрээ нь 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Энэ оны аравдугаар сарын байдлаар 86 улс гэрээнд гарын үсэг зурж, 56 улс гэрээг соёрхон батлаад байгаа аж.
Энэхүү гэрээгээр цөмийн зэвсэг, эсхүл цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжийг хөгжүүлэх, турших, үйлдвэрлэх, бэлдэх болон өөр бусад хэлбэрээр худалдаж авах, эзэмших, хадгалах, цөмийн зэвсгийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, өөрийн газар нутаг дээр байршуулах, суурилуулахыг гэрээний Оролцогч улс бүрт хоригложээ.
Манай улс энэхүү гэрээг соёрхон баталснаараа цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр баримталж ирсэн байр сууриа бататгах, энэ чиглэлийн яриа хэлэлцээ, олон улсын хурал, арга хэмжээнд идэвхтэй оролцоход чухал ач холбогдолтойг сайд илтгэлдээ онцлов.
Хэлэлцэж буй асуудал, сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адъшаа, Д.Ганбат нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адъшаа үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.