Н.Учрал: Төрийн албаны ил тод байдал нь авлигыг бууруулахад гол үүрэг гүйцэтгэнэ
2021.12.09

Н.Учрал: Төрийн албаны ил тод байдал нь авлигыг бууруулахад гол үүрэг гүйцэтгэнэ

"Авлигын эсрэг үндэсний чуулган" амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганы үеэр болсон Авлигын индексийн талаарх хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, УИХ-ын Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, "Нээлттэй нийгэм форум" ТББ-ын Засаглал менежер Д.Оюунбадам, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва зэрэг албаны хүмүүс оролцож, санал бодлоо хуваалцсан юм.

Н.Учрал "Дэлхийн улс орнуудын Ардчиллын индексийг тодорхойлон гаргадаг Их Британийн "Economist Intelligence Unit" судалгаа бий. Үүнд манай улс Ардчиллын индексээр 10-аас 6.48 гэсэн үнэлгээ авсан байна. Тус үнэлгээний үндсэн дээр “Гажуудсан ардчилалтай” хэмээх ангилалд манай улсыг багтаасан юм. Цаашид энэ үнэлгээг нэмэгдүүлж, ардчиллын индексээ нэмэгдүүлэхийн төлөө бид зорьж ажиллах ёстой.

Үүнд саад болж гол хүчин зүйл нь Авлигын индекс. Транспаренси Интернейшнлээс гаргадаг Авлигын индексээр Монгол улс 35-хан оноо авч, 180 орноос 111 дүгээр байрт өнгөрсөн жил жагссан.

Эл асуудлыг шийдэх арга зам нь иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх юм. Харин иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, албан тушаалтны хүнд суртлыг бууруулах гол арга зам нь нээлттэй, ил тод байдал. Тиймээс ардчиллыг бэхжүүлэх, авлигыг бууруулахын тулд цахим технологи, орчин үеийн дэвшилтэт арга хэрэгсүүдийг ашиглан төрийн албыг ил тод нээлттэй болгох нь нэн тэргүүний асуудал болоод байна" гэв.