Н.Энхболд: Нийгмээс ирсэн дарамтыг УИХ даадаггүйгээс ҮХНӨ-д дутуу орхигддог асуудлууд бий
2022.01.26

Н.Энхболд: Нийгмээс ирсэн дарамтыг УИХ даадаггүйгээс ҮХНӨ-д дутуу орхигддог асуудлууд бий

УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.


-Намрын чуулган хаалтаа хийлээ. Энэ удаагийн чуулганы онцлог юу байв. Хэлэлцүүлсэн хуулийн төслүүд олон байв уу?

-Энэ удаагийн намрын чуулганаар хэд, хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж, заримыг нь эцэслэн батлууллаа. Чуулган олон онцлогтой байлаа. Тэр бүгдийг дурдвал таны ярилцлага уйтгартай болчих болов уу хэмээн эмээж байна. (Инээв) Хоёр зүйлийг тодотгоё. Нэгдүгээрт, Ерөнхий сайдын дэвшүүлсэн зургаан төрлийн шинэчлэлийн бодлогыг баталлаа. Энэ бол урт хугацаандаа Монгол Улсын хөгжлийн суурийг тавих хөтөлбөр. Шинэ сэргэлтийн бодлогыг зүйл нэг бүрээр нь дурдвал, хэлэх ярих, онцлог сэдвүүд олон бий. УИХ шинэчлэлийн бодлогыг баталсан нь сүүлийн 30 жилийн түүхээсээ сургамж авч, ажил, амьдралаа богино, дунд, урт хугацаандаа зөв төлөвлөж, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, тууштай явуулж байхгүй бол болдоггүй гэдгийг төрийн эрх барих дээд байгууллагууд бүхэлдээ ойлгож эхэлж байгаагийн шинж хэмээн харж байна. Энэ бол энэ удаагийн намрын чуулганы томоохон онцлог байлаа.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулж, зарим хууль тогтоомжид өөрчлөлт орууллаа. Нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралыг шинээр батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу агуулгыг нь өөрчлөх суурийг тавьсан чуулган боллоо хэмээн харж байна. Улсын төсөв батлах нь УИХ-ын үндсэн үүрэг боловч энэ удаа төсөв батлахдаа, Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго болох Засгийн газарт нэлээд их эрх төвлөрүүлсэн зохицуулалтыг харгалзан үзлээ. Ялангуяа төсөв санхүү, татвар мөнгөтэй холбоотой асуудал дээр аль болох олон тал руу тарамдуулахгүйгээр Засгийн газраас оруулж ирсэн тодорхой бодлогын хүрээнд зардлаа нэмэлгүйгээр төсвөө баталсан. Энэ бол тайлбарлаж ярихгүй л бол иргэд төдийлөн анхаардаггүй ямар чухал өөрчлөлт болохыг мэдэхгүй өнгөрөх асуудал. Тиймээс энд онцлох нь зүйтэй.

-Төрийн бодлогын залгамж чанар сүүлийн үед алдагдсан гэдэг дээр санал нэг байна. Тийм ч учраас жил бүр улсын төсвийг урт хугацааны хөгжлийн бодлогод зарцуулахаас илүүтэй өнөө маргаашаа бодсон хөрөнгө оруулалтад зарцуулах нь элбэг болчихлоо шүү дээ?

-Өнгөрсөн 30 жилийн турш бид ярьж маргалдаж ирсэн хэрнээ жинхэнэ агуулгаар нь хэрэгжүүлж чадаагүй асуудал бол манай улсын хөгжлийн төлөвлөлтийн асуудал.Үүнд олон шалтгаан бий. Нэгдүгээрт, манай улсын сонгуулийн тогтолцоотой шууд хамааралтай.

Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх асуудлыг тусгаж чадаагүй нь харамсалтай. Яагаад сонгуулийн тогтолцоо улсын хөгжлийг хойш татаад байна вэ гэхээр жижиг тойргоос сонгогддог гишүүд дараагийн удаа дахин сонгогдохоо л бодно. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөгүй цагт ямар ч цаг үед энэ асуудал байсаар л байх болно. УИХ-ын гишүүд тойргийнхоо сонгогчидтойгоо эргээд уулзахад хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй байхын тулд улсын төсвийн багахан нөөцийг тал, тал руу тарамдуулах асуудал өмнө нь ч байсан. Одоо ч байгаа. Нөгөө талаар шинэ Үндсэн хууль 1992 онд батладсанаас хойшхи 30 жилийн хугацаанд УИХ-ын гишүүдийг 76 тойргоос сонгох тогтолцоо саяхныг хүртэл үүргээ биелүүлж, улс орон, иргэдийнхээ өмнө тулгамдсан олон асуудлыг шийдсэн нь бас үнэн. Тухайлбал, Монгол улс 21 аймаг, 330 сумынхаа Засаг захиргааны нэгжээр дамжуулж сургууль, цэцэрлэг, эмнэлэг, холбоо, дотуур байр гэх мэт нэн шаардлагатай олон бүтээн байгуулалтын ажлууд хийсэн.

Энэ мэтчилэн бүтээн байгуулалтын бусад олон ажлыг орон нутагт тодорхой хэмжээнд шийдсэн. Гэхдээ цаашид сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийг шийдэх боломжгүй юм байна гэдэг нь өнөөдөр ойлгомжтой боллоо. Тийм учраас 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлттөөр гүйцэтгэх засаглалд илүү эрх мэдэл өгч, томоохон асуудлууд дээр хөрөнгө хүчээ төвлөрүүлж чаддаг эрх мэдэлтэй, түүндээ таарсан чадварлаг Засгийн газар, Ерөнхий сайдтай байх эхлэлийг тавьсан.

Ер нь Үндсэн хуулийн эдгээр нэмэлт, өөрчлөлтийг тухайн үеийн парламент гэнэтхэн хийчихсэн зүйл огтхон ч биш. Нийт гурван парламент дамжиж хэлэлцсэний үр дүнд сая биеллээ олсон зүйл. Улс төрийн сэтгэлгээ, нийгмийн хандлага өөрчлөгдөнө гэдэг ер нь бол удаан процесс байдаг. Зарим тохиолдолд хүмүүс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь нөгөөдөр зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа хэрнээ, маргааш надад юу хэрэгтэй билээ хэмээн бодсоор бид өнөөдөр ийм байдалд хүрсэн. Энэ удаагийн чуулган алсад чиглэсэн зорилтуудын эхлэл, суурийг тавьснаараа онцлог ач холбогдолтой болж өндөрлөсөн.

-Энэ удаагийн парламент, Засгийн газарт залуучууд хүч түрэн орж ирсэн. Та 2000 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа туршлагатай улстөрчийн хувьд залуучуудынхаа мэдлэг ур чадварын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Энэ удаагийн Их хуралд хамгийн олон сонгогдсон хүн би болж таарлаа. Харьцуулах боломж байна аа. Энэ удаагийн УИХ-аас улстөрчдийн үе солигдож байгаа нь их тод ажиглагдаж байна. Ардчилсан өөрчлөлттэй зэрэг 1990 онд төрсөн хүүхдүүд 30 нас гарч, тухайн үед 10 настай юу ч мэдэхгүй байсан балчир хүүхдүүд 40 нас гарчихлаа. Эдгээр залуучууд өнөөдөр Монгол Улсыг бүтээн байгуулалтын ч, оюун санааны хувьд ч хөдөлгөх гол хүч болсон гэдэг нь эрс мэдэгдэж байна. Өмнө нь УИХ-ийн сонгуулиар гишүүдийн 30-40 хувь нь, хамгийн ихдээ 50 хувь нь шинэчлэгдсэн тохиолдол байсан.

Өнгөрсөн хугацаанд улс төрд шинэ уур амьсгал орж, сэтгэлгээний инерц бага багаар өөрчлөгдөж байгаа нь мэдрэгддэг байсан. Тэгвэл энэ удаад шийдвэр гаргах түвшинд олноор орж ирсэн залуучуудын асуудалд хандаж байгаа, бодож, сэтгэж байгаа нь, тэдгээрийг шийдэх гэж оролдож байгаа арга барил нь их өөр болжээ. Үр дүнг цаг хугацаа харуулах биз. Нийгмийн хөгжил дэвшил, өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхаж байгаа энэ залуучууд олон асуудлыг хуучин арга барилаас өөрөөр зоригтой шийдэхэд түлхэц болж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр анх удаагаа гишүүнээр сонгогдсон залуучууд гурван удаагийн чуулганы дараа ур чадвар, мэдлэг, туршлага нь улам дээшилж, ажилдаа гаршиж байна.

Залуучуудын зарим алдааг илүү тодруулж шүүмжлэлтэй хандаж байгаа харагддаг. Байх л зүйл. Магадгүй тэд эхлээд өөрийнхөө мэддэг зүйл, туршлагын хүрээнд ярьдаг, дуугардаг, асуудалд ханддагийг үгүйсгэхгүй. Одоо нэгэнт УИХ, парламентын тогоонд чанагдаад яаж ажиллах, асуудлаа хэрхэн танилцуулах, ач холбогдлоор нь эрэмбэлэх, цар хүрээгээр нь ялгах, үг хэлээ хүртэл цэгцлэх тал дээр туршлагажиж байна. Хэд, хэд сонгогдсон бид өөрсдийгөө туршлагатай гэж гоё үг хэрэглэхээ больё л доо. Гэхдээ бид юу болох, юу болохгүй гэдгийг биеэрээ үзээд туулчихсан хүмүүс. Миний хувьд залуустаа хэлмээр юм гарвал хурал чуулган, нийтийн өмнө гэхээсээ илүү яг өөрт нь ярьж, зөвлөхийг хичээдэг гэх үү дээ. УИХ-д ямар бүрэлдэхүүн байна тийм л шийдвэрүүд гардаг. Тиймээс УИХ-ын бүрэлдэхүүн маш чухал. Энэ үүднээс аваад үзвэл 2020 онд бүрэлдсэн УИХ шинэ уур амьсгал, хандлагатай болсон, чамбайрч байна. Шинэ зүйлүүд олноор санаачилж, түүнийхээ араас зөв цаг үедээ тохирсон үндэслэл, аргументууд гаргаж ирж ярьдаг болсон.

-Тэгвэл энэ удаагийн парламентын ахмад болон шинэ залуу гишүүд бие биенээсээ харилцан суралцаж хамтдаа урагшилж байгаа гэж ойлгож болох уу?

-Ер нь бол тийм. Гэхдээ сэтгэлгээний онцлог гэж бий. Өрнийн болоод дорнын соёлын онцлог гэж байна. Нэг талаас манай өөрийн өнгөрсөн хугацаанд тогтсон мөн улс төрийн, бизнесийн соёл, хандлага, төлөвшлийн онцлог гэж байна. Нөгөө талаас нь аваад үзэхээр залуучуудын үзсэн, харсан, сурсан зүйл ч их өөр болж. Жишээ нь, нэлээд хэдэн жилийн өмнө бид нараас өмнө улс төрд орсон, бидний үлгэр дуурайлал авч, үгийг сонсож байх ёстой гэж боддог байсан улстөрчид тухайлбал, баруунд сургууль төгсч ирсэн хүмүүсийг “Та нарын мэддэг гэж юу байдаг юм. Монголоо мэдэхгүй. Гадаадад сурсан, англи хэлтэйгээ юу гэж боддог юм” гэх мэтчилэн УИХ дээр ч, Засгийн газар дээр ч улаан цайм ярьдаг байсан. Дэлхий тэр чигээрээ хоорондоо холбоотой, хамааралтай болчихоод байхад хөмөрсөн тогоон доторх шиг сэтгэж, ажиллаж болохгүй л дээ. Тэгвэл одоо тийм зүйл байхгүй болсон. Шинэ, хуучин, хөгшин залуу, гадна дотнын аль алиных нь туршлага, мэдлэг хэрэгтэй гэдгийг ойлгодог хүлээн зөвшөөрсөн уур амьсгалтай ийм л Их хурал бүрэлдсэн.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргачихсан байгаа. Та УИХ-ын байр суурийг хамгаалах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Дахин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тал дээр ямар байр суурьтай байна вэ. МАН-ынхан хүний гараар могой бариулах гээд байгаа юм биш биз?

-Энд юуны өмнө нэг зүйлийг залруулж хэлэх ёстой гэж бодож байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар УИХ-д олонх болсон МАН-ын гишүүд биш өөр намын гишүүд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан болохоор үүнийг араас нь турхираад байгаа асуудал байхгүй. Энд үндсэндээ дөрвөн асуудал бий. Сонгуулийн тогтолцооны асуудал, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх асуудал, мөн давхар дээлний асуудал яригдаж байна.

Эд бүгд сүүлийн 15 жилийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал хөндөгдөх тухай бүр яригдаж байсан сэдвүүд. Энэ үүднээс нь аваад үзвэл эдгээр асуудлуудыг хэн нэгэн хүн гэнэт гаргаад ирчихээгүй, угаасаа байсан асуудал гэдэг нь харагдана. Үүнийг мэдэж байсан учраас гурван их хурал дамжуулж энэ асуудал болохгүй байна гэдэг талаар хөндсөөр байсан. Гэтэл тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, УИХ-ын бүрэлдэхүүн, Ерөнхийлөгч нарын улс төр дахь нөлөө нэмэгдэж ирсэн зэрэг нь Шинэ үндсэн хуулийг 1992 онд батлагдсан агуулгаар нь хэрэгжүүлэхэд томоохон саад тотгор болж эдгээр асуудлуудыг шийдэж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Товчоор хэлэхэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хөгжлийн шаардлага байсан уу, байсан.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчөөр сонгогдсон зарим хүмүүсийн барьж байсан бодлого, хийж байгаа үйлдэл хэрээс хэтэрсэн учраас 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл нь бүрдсэн гэж болно. Юуны өмнө нэг хүний гарт хэт их эрх мэдэл төвлөрүүлж болдоггүй юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай ойлгосон. Зарим Ерөнхийлөгчид “Манай улс Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол богино хугацаанд хөгжинө” гэдэг яриа гаргадаг байсан. Тэр байтугай энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах талаар санал гаргаж байсан. Миний гүн бат итгэл үнэмшил юу байдаг вэ гэхээр манайх шиг хоёр том гүрний дунд байдаг жижиг улсын хувьд өөрийн улсын тусгаар тогтнол, эрх, эрх чөлөөг авч үлдэх засаглалын хамгийн зөв хэлбэр бол парламентын засаглал. Гэтэл энэ засаглалын энэ хэлбэрийг өөрчлөх тухай ярина, санаачилна гэдэг бол байж боломгүй асуудал.

Мөн дээр дурдсан хөгжлийн асуудалтай холбоотой буюу сонгуулийн тогтолцооны асуудал зэргээс үүдэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Манай улс байгаа багахан хөрөнгөө томоохон, хөгжлийн хөрөнгө оруулалтуудад зарцуулж чадахгүй байна. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Энэ асуудал зөвхөн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн өнгөц асуудал биш. Сонгодог парламентын засаглалтай оронд гол асуудлаа хариуцдаг гүйцэтгэх Засгийн тэргүүн нь илүү эрх мэдэлтэй, харин бодлогоо зангидаж асуудлаа шийдэх эрхийг нь парламентын засаглал дэмжиж өгдөг жишгийг баримтлан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийхийг зорьсон. Өнөө маргаашдаа үр дүн нь шууд нүдэнд харагдаж, гарт баригдахүй боловч ирээдүйд зайлшгүй хэрэгтэй өөрчлөлтийг зарим нь, УИХ ажил хийсэн гэж анзаарч хардаггүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бодлогын шинэчлэл, урт хугацаандаа үр өгөөжөө өгнө. Дээр дурдсан дөрвөн өөрчлөлтийг бид хүний гараар могой бариулж байгаад хийчих гээд байгаа юм биш л дээ. УИХ-д суудалтай, суудалгүй бүх намууд ийм өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа мэдээлэл ч байна.

-Тухайлбал, дээр дурьдсан дөрвөн асуудлаас гишүүдийн тоог нэмэх шаардлага юу байна вэ?

-Нэгдүгээрт, УИХ-ын 76 гишүүнтэй байхаар хуульчилж байх үед манай улсын хүн ам хоёр сая гаруй л байсан. Тиймээс нийт хүн амдаа ногдох гишүүний тоог 76 байхаар тогтоосон. Гэтэл өнөөдөр манай улсын нийт хүн ам 3.4 сая болчихлоо. Гишүүдийн тоо хүн амаа төлөөлөх чадамж багассан гэсэн үг. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний тоо цөөн байх тусам нэг гишүүнд ногдох эрх мэдэл өндөр байна. Тодорхой асуудлуудыг тойрч гишүүд сайнаар хэлбэл нэгдэх нь, муугаар хэлбэл үгсэх нь амархан болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, 10 гишүүн нэгдэхэд маш том хүч тэдэнд төвлөрнө. Харин УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдчихвэл энэ хүч сарнина. Гишүүдэд лобби хийж, тэднийг худалдаж авах боломж энэ хэрээр багасна гэсэн үг. Энэ асуудлыг байнга л ярьдаг.

Яг Үндсэн хуульд энэ талаар өөрчлөлт оруулъя гэхээр “Өмнөх 76 гишүүнээ яая гэж байхад тоог нь нэмэх гэж байна” гэх мэт эсэргүүцэлтэй тулдаг. Мөн цаашид сонгодог парламенттай болъё гэж бодож байгаа бол Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог байх чиглэлд бид алхам алхмаар ойртох ёстой. Тэгэхээр дахиад л олонх болсон нам эрх мэдлээ нэмэгдүүлж ард түмнээс эрхийг нь булаах гэж байна гэж харддаг. Энэ мэтчилэн нийгмийн зүгээс үзүүлж байгаа дарамт, шахалтаас болоод гишүүд “Энэ асуудлыг дэмжчих юм бол намайг сонгогчид юу гэж бодох бол” хэмээн дараагийн сонгуулиа бодоод дэмждэггүй орхигддог асуудлын нэг. Энэ мэтчилэн нийгмээс ирсэн дарамтыг УИХ-ын гишүүд даадаггүйгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дутуу орхигддог асуудлууд бий. Одоо Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасантай холбоотойгоор ийм л асуудлууд нийгэмд өрнөж байна.

Магадгүй УИХ-ын гишүүдийн дотор давхар дээлтэй гишүүдийн тоог нэмчихвэл сайд болохыг санаархаж байгаа хүн байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ түүнийг нь товойлгож яриад хэтийн зөв бодлогыг нь хардаггүй, олон нийтийн хандлага, сонгуулийн тогтолцоо зэргээс болоод одоо болтол шийдэгдэхгүй явсаар байна. УИХ иргэдийнхээ төлөөлөл болж тэдний нэрийн өмнөөс төрийн бодлого тодорхойлдог субъектын хувьд нийгмийн уур амьсгал, иргэдийн хүсэл эрмэлзлийг тусгасан шийдвэр гаргаж байх нь зүйн хэрэг. Үүний зэрэгцээ улс орны эрх ашгийг бүхэлд нь тооцож заримдаа өнөөдөр хэцүү ч маргааш, нөгөөдөр, ирээдүйд хэрэгтэй амаргүй шийдвэр гаргах шаардлага аль ч парламентад тулгардаг. Энэ үед парламент ард иргэдээ соён гэгээрүүлэх, тайлбарлан ойлгуулах замаар манлайлан ажиллах нь бас нэг үүрэг нь байх хэрэгтэй юм. Зөвхөн урсгал дагаж хөвөөд байх амархан.

Заримдаа УИХ нэгэнт ард түмнээс бидний өмнөөс асуудал шийд гээд мандат авсан юм бол аминд тулсан үед урсгал сөрж сэлж болзошгүй муу үр дагавраас бусдыг хамгаалж гардаг сайн усчин байх шаардлага ч гарна шүү дээ. Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг хэрхэн шийдэх, ер нь Үндсэн хуулийн Цэцээр шийдүүлэх нь зөв үү, буруу юу гэх мэт олон асуудал байна.

-Оны өмнө товлогдсон Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан таниас шалтгаалж хойшилсон нь ямар учиртай юм бол. Дахин хэзээ хуралдах талаар танд мэдэгдсэн үү?

-Үндсэн хуулийн Цэц хуралдаанаа хугацаагүйгээр хойшлуулсан. Дахин хуралдах товын талаар одоогоор мэдэгдсэн зүйл алга. Харин оны өмнө хуралдах байсан хуралдаан хойшилсон тал дээр тайлбар хэлэхэд, арванхоёрдугаар сарын 27-нд буюу даваа гарагт Үндсэн хуулийн Цэц хуралдах тов зарлагдсан байсан. Би арванхоёрдугаар сарын 25-нд буюу бямба гаригт уулзалттай байсан. Уг уулзалтад оролцсон хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Өөрөөр хэлбэл, би ковидтой иргэнтэй уулзсан болж таарсан. Тэр даруй хийсэн түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарсан.

Гэвч би өөрөө халдвар авсан байх эрсдэлтэй гэдгээ мэдсээр байж Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож болохгүй шүү дээ. Үүссэн нөхцөл байдлын талаар даваа гарагт Үндсэн хуулийн Цэцэд “Миний бие Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа тул хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсье” гэх бичиг хүргүүлсэн. Ийм л шалтгаанаар Цэц хуралдаанаа хойшлуулсан. Би УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч учраас ҮХЦ-ийн хуралдаанд биечилж оролцож Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор байр сууриа хамгаалах учиртай.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн заалтад найман жилийн дотор дахин өөрчлөлт оруулахгүй байх хуулийн заалттай. Дан болон давхар дээлний асуудлаар Цэцэд гомдол гаргах боломжтой юм уу?

-Хамгийн сүүлд 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дан болон давхар дээлний асуудлыг хөндсөн. Нэгэнт хөндөгдчихсөн асуудлыг найман жилийн дотор дахин хөндөхгүй байхаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэдэг бол Үндсэн хууль биш учраас уг хуульд УИХ өөрчлөлт оруулж болно. Хэрэв гаргасан гомдолтой холбоотойгоор Цэц шийдвэр гаргасан ч, эс гаргасан ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт дахин оруулах шаардлагатай гэж энэ удаагийн парламент үзсэн тохиолдолд эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны үндсэн дээр Үндсэн хуулийг хөндөж болно. Ингэж өөрчлөхгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өөрчлөх боломжгүй.

-Та эдийн засагч, инженер мэргэжилтэй хүн. Энэ жил 18 их наяд төгрөгийн төсөв баталсан. Хил гаалийн хоригтой холбогдуулан төлөвлөсөн орлогоо олох эсэх нь эргэлзээтэй байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Энэ жилийн улсын төсвийг өөдрөгөөр төсөөлж баталсан. Биднээс шалтгаалахгүй зүйл гэж бий. Тухайлбал, инфляци 10 хувиас давчихлаа. Энэ асуудал зөвхөн Монгол Улсаас, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шалтгаалаад байгаа юм биш. Дэлхий нийтээрээ ийм байдалд орчихлоо. Одоо ямар нэгэн байдлаар таамаг дэвшүүлэхэд эрт байна. Тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхийн тулд, хил гаалийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд өөрсдөөс шалтгаалах ажлуудаа бүрэн хийх хэрэгтэй. Миний хувьд УИХ-ын гишүүний үг үнэ цэнэтэй гэж боддог. Ямар нэгэн судалгаа нотолгоогүй асуудлаар таамаг төдий санал хэлэх нь иргэдийн амьдрал, эдийн засаг, нийгэмд шууд нөлөөлдөг.Баттай мэдэхгүй байгаа асуудлаар байр сууриа илэрхийлэх нь олон сөрөг үг дагавар дагуулдаг. Тиймээс хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлдээ хариуцлагатай хандах ёстой гэж боддог.

-Цар тахлын үед баримталж байгаа гадаад харилцааны бодлогыг хэрхэн дүгнэх вэ. Хилийн хараад хараат байдалд байгааг гадаад харилцаа муу байгаатай холбож тайлбарлах талууд ч байна?

-Аливаа харилцаа харилцагч талуудаас бүгдээс нь шалтгаалдаг. Хоёр хүний харилцаа ч зөвхөн нэг талын бодсоноор болдоггүй шүү дээ. Улс хоорондын харилцаа маш олон хүчин зүйлээс хамааралтай. Хил гааль хаагдсан нь монголчууд бидний л буруугаас болсон асуудал огтоос биш. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Монголын улс төрийн бүх намууд ойлголцож, нэг чиг бодлого барьж явсан салбар бол гадаад харилцааны салбар. Коронавирус дэлхий дахинд тархсанаас хойш Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Гадаад харилцааны яамны алдаатай бодлогоос үүдэн нөхцөл байдлыг хүндрүүлсэн зүйл гараагүй хэмээн дүгнэж байгаа.

Харин ч олон талт хамтын ажиллагааг өөрсдийн чадлын хэрээр идэвхтэй явуулж ирсний үр дүнд хүн амынхаа дийлэнх хувийг вакцинд хамруулж чадсан. Коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгдэж эхлэхэд дэлхийн улс орнуудад вакцины төлөөх дайн болсон. Энэ үед манай улс харилцах ёстой улс орнуудтай зөв оновчтой харилцаж, ойлголцсон учраас вакцины асуудлыг нааштайгаар шийдэж чадсан. Бид аливаа юм сайн болоод өнгөрчихөөр хэрэв ийм үр дүнд хүрч чадаагүй бол ямар муу үр дагавар гарах байсан талаар ерөөсөө ярьдаггүй. Хэрэв үнэхээр гадаад харилцаа муу байгаад вакцинд иргэдээ хамруулж чадаагүй бол өнөөдөр бид ямар нөхцөл байдалд орсон байхыг төсөөлөхгүй байна. Дэлхий даяар тээвэр ложистикийн асуудал хүндэрчихсэн, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, инфляци, ажилгүйдэл, ядууралтай холбоотой олон хүндрэл үүсчихсэн байна шүү дээ.

П.Батзаяа