2022.03.10

Н.Наранбаатар гишүүн тойргийнхоо 15 суманд ажиллаж, 2100 гаруй иргэдтэй уулзлаа

Тэрээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсоноос хойш сүүлийн хоёр жил шахам хугацаанд “Ковид-19” цар тахлаас хамааран төвлөрсөн уулзалт хийж чадаагүй байсан ч гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталсан тул чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллаж тайлан уулзалтаа хийлээ.

Тэрээр Өмнөговь аймгийн бүх сумд, зарим эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон бусад төрийн байгууллагууд, хил боомт, цэргийн ангиуд дээр ажилласан.

Сумдад ажиллах хүрээнд сумдын удирдлага, төсөвт байгууллагын дарга нартай уулзаж, төсвийн хөрөнгө оруулалт, үр ашигтай зарцуулалт, шаардлагатай санхүүжилт, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал солилцлоо.

2021 онд аймгийн бүх сумдаас шаардлагатай хөрөнгө оруулалтын санал авч, эрэмбэлэн 2021, 2022 онуудын төсөвт тусган ажиллаж байна. Иймд улсын төсвөөс хийгдэж буй хөрөнгө оруулалтын явц, цаашид анхаарах асуудлын талаар санал хүсэлтийг нь сонслоо.

Улсын Их Хурлын гишүүний хувиар 2020 оны намрын чуулган, 2021 оны хавар, намрын чуулганы үйл ажиллагаа, өөрийн санаачилсан болон ажлын хэсгүүдэд орж ажилласан хуулийн төслүүдийн талаар танилцуулга тайлангаа тавьж, Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжийг танилцууллаа. Уулзалтын үеэр иргэд ихэвчлэн дараах санал, хүсэлтийг хэлсэн байна. Үүнд:  

  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа тул төрийн албаны цалинг нэмэгдүүлэх, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалингийн шатлалыг дээшлүүлж, орон нутгийн /говийн/ нэмэгдэл олгох
  • Орон нутагт буюу сумдад хүний нөөц маш дутагдалтай /Суманд ажиллах зарим төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг өөрчлөх, залуу боловсон хүчин ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэх, гаднаас ирж буй албан хаагч нарт амьдрах орон сууц, түрээсийн байрыг шийдвэрлэх/
  • Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн бие махбодид шаардлагатай шим тэжээл, илчлэгийг авах боломжтой хэмжээнд өдрийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх
  • Багш нарын хичээлийн хэрэгсэл, компьютер, тоног төхөөрөмж, интернетийн орчны чанар, хүртээмжийг сайжруулах
  • Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин, урамшуулал, ажилласан жилийн нэмэгдэлд анхаарах
  • Төрийн төв байгууллагуудаас гаргаж байгаа хөдөө сумдад хэрэгжих боломжгүй зарим шийдвэрүүдийг багасгах
  • Тэтгэврийн хэмжээг ажил хийж байсан хугацааны шимтгэл төлсөн хэмжээтэй уялдуудах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох жилийг тооцохдоо сүүлийн таван жилээр хуучнаараа болгох
  • Цагаан дэлийн боомтыг нээлгэхгүй байх
  • Шороон замаар нүүрс тээвэрлэхийг зогсоох, уул уурхайн нөлөөгөөр эвдэрсэн газар нутагт нөхөн сэргээлт хийлгэх
  • Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой нөлөөллийн бүсийн асуудлууд
  • Нүүрс тээвэр, экспортыг нэмэгдүүлэх, боомтын орчмыг хөгжүүлэх
  • Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх, вакцины хангамжийг нэмэгдүүлэх гэх мэт асуудлуудыг иргэд хөндөж байв.

Тойрогт ажиллах үеэр иргэд, албан байгууллага, хоршоо, холбоо, төрийн бус байгууллага, хувиараа эрхлэх аж ахуйн нэгжээс ирсэн өргөдөл, санал хүсэлтийг нягтлан судалж, холбогдох байгууллагуудад уламжлах, шийдвэрлүүлэх ажил хийгдэж байна.