“Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” хэлэлцүүлэг боллоо
2022.03.21

“Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” хэлэлцүүлэг боллоо

“Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” хэлэлцүүлэг Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд болж байна.

Тус хэлэлцүүлгийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б. Баттөмөрийн санаачилгаар зохион байгуулж буй юм.

Хэлэлцүүлгийн нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Монгол Улсын хөгжлийн бодлого тогтвортой байх эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн. Өмнөх 30 гаруй жил хөгжлийн бодлого уялдаа, холбоогүй тогтворгүй явж ирсэн. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын хараа-2050”-ыг хэрэгжүүлээд явж байгаа ч, хөгжлийн загвараа тодорхойлоогүй учраас дээрх бодлогын баримт бичиг санасан хэмжээнд хэрэгжихгүй байна. Хамгийн чухал нь, үндэсний онцлогт тохирсон хөгжлийн загварыг тодорхойлоход чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт салбар бүрийн эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, эрдэмтэд оролцож байгаад баяртай байна. 1995 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 1479 ам.доллартай тэнцэж байжээ. Тэртээ 27 жилийн өмнөх ижил гараанд байсан социалист тогтолцооны улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ эдүгээ 7-9 дахин нэмэгдсэн байна. Гэтэл манай дотоодын нийт бүтээгдэхүүн 4350.2 ам.доллартай тэнцэж байна. Энэ бол Дэлхийн банкнаас гаргасан судалгаа юм. Хөгжлийн загваргүй явж ирсэн учраас сөрөг үр дагавар гарч ирж байна” хэмээлээ.