Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, энгийн гадаад паспортыг бусдад барьцаалахыг хориглоно
Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.20 дахь хэсэгт уг зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч байна гэж заасан.
Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж, хэрэгжүүлэх, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагын хяналтын улсын байцаагч нар Архангай аймгийн 51 обьектод, Баян-Өлгий аймгийн 296 обьектод, Дархан-Уул аймгийн 100 обьектод, Дорноговь аймгийн 173 обьектод, Дундговь аймгийн 15 обьектод, Орхон аймгийн 42 обьектод, Сүхбаатар аймгийн 25 обьектод, Төв аймгийн 40 обьектод, Увс аймгийн 11 обьектод, Ховд аймгийн 41 обьектод тус тус шалгалт хийжээ.
Шалгалтын хугацаанд нийт 806 обьектоос 146 зөрчил илрүүлсэн бөгөөд иргэний үнэмлэх барьцаалсан 86, энгийн гадаад паспорт барьцаалсан 4, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ барьцаалсан 5, төрсний гэрчилгээ барьцаалсан 51 зөрчлийг тус тус илрүүлж, барьцаалсан бичиг баримтыг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авсан байна. Хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний 2 нь Баян-Өлгий аймагт, 2 нь Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан байх бөгөөд эдгээр гэрчилгээг хаяж гээгдүүлсэн шалтгаанаар хүчингүй болгуулж шинээр гэрчилгээ авсан байна. Баян-Өлгий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 10 хүн, хуулийн этгээдийн зөрчилд зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж 250.000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Цаашид иргэн, хуулийн этгээдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний бичиг баримт болон улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалахгүй байхыг анхааруулж байна.