2022.06.07

Б.Саранчимэг: Эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхэд юу саад болж байна вэ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022, 06, 07/хуралдаанаар  "Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Хорт хавдрын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Хавдрын эсрэг үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан. Энэ хэзээ боловсруулагдах вэ? Хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах үндсэн арга зам нь эрт илрүүлэх. Эрт илрүүлгийн хяналтын тогтолцоогүй манай улсыг шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ тогтолцоог бүрдүүлэхэд юу саад болж байна вэ? Засгийн газрын баталж өгсөн Австрийн засгийн газрын 10 сая долларын дэмжлэгийг эрт илрүүлгийн тогтолцоог эхлүүлэхэд танай яаман дээр үнэлгээний хороо байгуулаагүйгээс болж энэ ажил зогссон. Өнөөдөр хүртэл энэ ажил эхлээгүй байна. Хэзээ эхлэх вэ?

Эмчилгээ оношилгоог дэмжиж сайжруулах, орчин үеийн технологийг нэвтрүүлэх ажилд Эрүүл мэндийн яамны дэмжлэг хэр байгаа вэ?

Эмнэлгүүдэд төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж эмнэлэг бие даах чадвартай болдог. Үүнийг сайдын батламжлагдсан гарын үсгээр байгуулах байтал таны гарын үсэг дутуу байгаа. 3 эмнэлэг дээр л энэ зөвлөл байгуулагдсан. Хэзээ энэ ТУЗ-аа байгуулж дуусах вэ?

Түүний асуултад ЭМЯ-ны сайд С.Энхболд хариуллаа.