Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхлэв
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурал нэг удаа томилно” гэж заасныг баримтлан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр албан бичиг илгээж, Жаргалсайханы Хунанг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилуулахаар УИХ-д санал болгосон байна.
Нэр дэвшигч Ж.Хунан 1979 онд Дорноговь аймагт төрсөн, 43 настай настай, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1987-1997 онд Орос-Монголын хамтарсан III сургууль төгсөж, 1999-2003 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд төр, эрх зүйн ухааны бакалавр, 2003-2006 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр, 2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн, 2007-2011 онд НҮБХХ-ийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч, 2011-2013 онд НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагч, 2013-2016 онд "Партнерс Форевер" ХХК-ийн хуульч, 2016-2017 онд "Нээлттэй нийгэм" форумын "Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь" төслийн зөвлөх, 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр ажиллаж байгаа аж.
Энэ талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Жаргалсайханы Хунанг Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилуулахаар санал болгосныг Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг тодотгоод Ж.Хунанг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргад нэр дэвшүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилуулах нь зүйтэй гэж үзсэн гэлээ.
УИХ-ын Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороо яаралтай хэлэлцэх асуудлаар хуралдах болсон тул үүгээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан түр завсарлаж, 17 цагт хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn