Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлөх тухай хуулийн төслийг өргөн барилаа
2022.07.01

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлөх тухай хуулийн төслийг өргөн барилаа

Малчид, тариаланчид байнгын орлогогүйгээс шалтгаалан Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлээ сар бүр төлөх боломжгүй байдаг. Иймээс дөнгөж 20-30 хувь нь эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаж байна.

Иймээс Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Ц.Туваан, А.Адъяасүрэн, Д.Батлут, Б.Бейсен, Д.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн нарын хамтаар санаачлан боловсруулсан “Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Манай улсын хэмжээнд газар тариалан эрхэлдэг 17.4 мянган өрх, 188.6 мянган малчин өрх бий. Эдгээр иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах, тэтгэвэрт гарах, эхчүүд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах зэрэгт хүндрэл, чирэгдэл үүсч байгааг хуулийн хүрээнд өөрчлөх саналыг гаргаж байна.

Санаачлан боловсруулсан хуулийн төсөл 5 заалттай. Төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн, хүнсний ногооны урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь сайн дурын үндсэн дээр суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулан, зохих журамд заасан шаардлага хангаж урамшуулал авах болзол хангасан иргэн энэ хуулийн үйлчлэлд хамаарна. 

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл батлагдвал төсөлд хамаарах иргэдэд болон улс орны эдийн засагт ач холбогдолтой юм.